Европын холбоо руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох талаар зөвлөлдлөө

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.06.22 10:01


Монгол Улс Европын Холбоо (ЕХ) руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн.  Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монгол Улс-Европын Холбоо хоорондын амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар албан ёсны анхдугаар уулзалтыг 2021 оны 6-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтаар ЕХ-ны зах зээлд эдгээр бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах шаардлага, холбогдох журмын талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх юм.

Зөвлөлдөх уулзалтад монголын талаас ГХЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, ГЕГ, МХЕГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, ЕХ-ны Төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд, Европын Комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд мөн Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийн төлөөлөл 30 орчим хүн оролцлоо.
 
Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжид ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийн хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар тогтов.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам