Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.06.24 16:23


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд С.В.Чепурной Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хэмжээг нэмэгдүүлэх Беларусийн талын саналыг дахин судлан үзэхийг санал болгосон бөгөөд эхний шатны 50 сая еврогийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Засгийн газар хоорондын Экспортын зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад нийт 552 ширхэг техник, тоног төхөөрөмж нийлүүлж байна.

Техникийн төрлөөр авч үзвэл 5 төрлийн 132 ширхэг трактор, малын тэжээл бэлтгэлд зориулсан дөрвөлжин болон рулон хаман боогч, хадуур, тармуур, төмс, хүнсний ногооны ухагч, ургамал хамгааллын бодис, бууц цацагч зэрэг 17 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж үе шаттайгаар орж ирэх бөгөөд эхний ээлжийн техникийг 6 дугаар сард багтаан хүлээн авах юм.

Сайд З.Мэндсайхан техник, тоног төхөөрөмжийн ачилтыг Беларусийн талаас хуваарийн дагуу, цаг хугацаанд нь хийхэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг С.В.Чепурной Элчин сайдаас хүссэн бөгөөд улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь хүлээн авч, тариаланчдад хүргэх нь нэн чухал болохыг онцлов.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ оны 8 дугаар сарын сүүлээр Минкс хотноо зохион байгуулах боломжийг харилцан судлахаар тохиролцлоо.

Элчин сайд С.В.Чепурной Монгол Улсад 7 жил ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, эх орон руугаа буцаж байгаатай холбогдуулан түүний Монгол, Беларусийн уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласныг өндрөөр үнэлэн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнан, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсэн уулзалтыг өндөрлөв.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам