Сайд З.Мэндсайхан БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.07.09 16:25


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсаас БНХАУ-д  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг саадгүй экспортлох, ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа удаашралтай байгааг хэвийн горимд шилжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протоколыг тохирох ажлыг түргэвчлүүлэх, Монгол Улсад шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн махны үйлдвэрийг барих, баруун бүсийн аймгуудаас БНХАУ-ын Шинжиан Уйгарын өөртөө засах орон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг хөндөн ярилцаж хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцов.

Мөн БНХАУ-ын Ардын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эдийн засгийн үр өгөөж өндөртэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухайлбал, махны үйлдвэр, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын цогцолбор, цардуулын үйлдвэр байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй дээрх ажлуудад онцгой анхаарч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрх бүхий байгууллагуудад уламжлан, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү ажлыг ойрын хугацаанд өндөр түвшинд зохион байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам