УЛСЫН УРГАЦЫН КОМИСС ХУРАЛДЛАА

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.09.02 17:05


Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдаан өнөөдөр болж тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар комиссын дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Мөн 2021 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, үр тарианы таримлын болц, ургац хураалтын технологийн онцлог зөвлөмж зэрэг чухал асуудлаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм. 


 
Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ

 
Энэ оны ургацын урьдчилсан балансаар 594 мянган тонн үр тариа, үүнээс 559 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн тосны ургамал, 203 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Тодруулбал, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Энэ нь тариаланч ногоочдын хөдөлмөр зүтгэл нөгөө талдаа төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм.

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас18 тэрбум төгрөгөөр хөнгөллөө 
Гаалийн албан татвараас хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр импортоор  нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ машин механизм, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна.  
 
Нийт үрийн 30 хувийг шинэчиллээ
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд  улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ингэснээр нийт үрийн 30 хувийг шинэчилж чадсан.
 
 Хүнсний ногооны тариалалт нэмэгдлээ
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж,  улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөн нийтдээ 10100 гаруй иргэн, хоршоо, байгууллага, аж ахуйн нэгжид олгосноор сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-аар нэмэгдсэн.


 
526 иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олголоо
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 526 иргэн, аж ахуйн нэгжид 32.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон дүнтэй байна.
 
Төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийх боломжийг бүрдүүллээ
Хаврын тариалалтад зориулан нийтдээ 15.2 мянган тонн импортын улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлж, хүсэлт гаргасан 390 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 12.5 мянган тонн улаанбуудайн үр, 43.3 тонн ургамал хамгааллын бодис, 330 тонн нийлмэл болон гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай, 890.2 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож дэмжлэг үзүүлснээр төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийх боломжийг бүрдүүлэв.
 
Тэжээлийн таримлын үр үржүүлж, дотоодоосоо нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүллээ
Тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр овьёосны элит болон 1 дүгээр ангийн үр 485 тонн, тэжээлийн царгасны үр 8 тонныг тус тус нийлүүлж, нийт 4039 га талбайд тариалж тэжээлийн таримлын үр үржүүлж дотоодоосоо нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэв.
 
Хүнсний ногооны тариалалт 5-350 га-аар нэмэгдлээ
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж,  улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийг дотоодоос болон  импортоор нийлүүлж Засгийн газрын 142 дугаар тогтоолын дагуу үнийг 80 хувиар хөнгөлөн 181 аж ахуйн нэгж, 179 хоршоо, 9694 өрх, 46 байгууллага  нийтдээ 10100 гаруй иргэн, хоршоо, байгууллага, аж ахуйн нэгжид олгосноор сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-гаар нэмэгдсэн дүнтэй байна.
 
Техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэллээ
Беларусь улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 4.5 сая еврогийн эх үүсвэрээр ногоон  тэжээл хураах зориулалттай 130 морины хүчтэй трактортай 10 иж бүрдэл, 82 морины хүчтэй трактортай 60 иж бүрдэл, төмсний үйлдвэрлэлд зориулсан 82 морины хүчтэй трактортай 35 иж бүрдэл, 35 морины хүчтэй трактортай хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 20 иж бүрдэл техник, нийт 534 нэгж техникийг ургац хураалтаас өмнө нийлүүлж аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг эхлүүлж байна.    
 
Санхүү түрээсийн үйлчилгээг нэвтрүүллээ
ХААН банктай хамтран үр тарианы техник нийлүүлэх санхүү түрээсийн үйлчилгээг нэвтрүүлснээр 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сарын 1-1.1 хувийн хүүтэй, 15 хувийн урьдчилгаатай, 5 хүртэл жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 14 комбайн нийлүүлэгдээд байна.
 
 Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 9.7 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн усалгааны тоног төхөөрөмж, бага оврын бороожуулагч, дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулснаар нийтдээ 78 аж ахуйн нэгж, 25 иргэнд 156 ширхэг тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 9.7 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв.

Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11  аймгийн 19 суманд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 байршилд услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү төслийн үр дүнд  усалгаатай тариалангийн талбай 7.7 мянган га-аар нэмэгдэх болно.

Зуны хүлэмжийн тариалалтыг 45 га-аар нэмэгдүүллээ
Улсын төсвийн 255 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 105 килограмм хүлэмжийн нарийн ногооны үр нийлүүлж хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр, үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр ногоочдод олгох  ажлыг зохион байгуулснаар зуны хүлэмжийн тариалалтыг 45 га-гаар нэмэгдүүлэв.

Чацарганын орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг эхлүүллээ
“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Жайка олон улсын байгууллагын  "Чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, гадаад зах зээл маркетингийг сайжруулах" туршилтын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож Монгол чацарганын шинж чанарыг олон улсад судлуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

Хүлэмжийн үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах төсөл хэрэгжиж эхэллээ
БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн эдийн засгийн хүрээлэнгээс “Монгол улсад хүлэмжийн хангамжийг сайжруулж, хүнсний ногооны өртгийн сүлжээг хөгжүүлэх" төсөл хэрэгжүүлэхээр 2 тал харилцан тохиролцож 2021 онд төслийн бэлтгэл ажил хангах, Монгол Улсын хүлэмжийн үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах 30 мянган ам.долларын судалгааны төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийг эхлүүлээд байна.

Нийслэлийн бүсэд 20 га талбайтай өвлийн хүлэмж байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүллээ
Барилга хот байгуулалтын яамтай хамтран нийслэлийн бүсэд 20 га талбай бүхий өвлийн шилэн болон нарлаг хүлэмж байгуулах ТЭЗҮ боловсруулах тендер шалгаруулалтыг зохион байгуулж шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам