ОХУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.09.14 15:01


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чириповыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Э.Өнө-Ундрах нар оролцов.

Сайд Д.Ш.Чирипов нь 2014 оноос хойш Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн сайдаар ажилласан бөгөөд энэ оны 2-р сард Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайдын албан тушаалд томилогдсон юм.

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 9-р сарын 27-28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Оросын хөдөө аж ахуй, зам барилгын техник, тоног төхөөрөмжийн “Спецмаш-2021” төрөлжлөн үзэсгэлэн, арга хэмжээнд Бүгд Найрамдах Буриад Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж оролцохыг уулзалтын эхэнд Сайд Д.Ш.Чирипов мэдэгдэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Хөдөө аж ахуйн шинэ сайд Г.Е.Дареев, Мал эмнэлгийн албаны дэд дарга Д.В.Калугин, Хөдөө аж ахуйн академийн захирал С.Ж.Доржиев, “Бурятмясопром” ХХК-ийн ТУЗ-ын дарга В.Н. Байминов болон бусад төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид багтаж байгаа юм.

Мөн Бүгд Найрамдах Буриад Улсаас Монгол Улсад мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, элит үрийн буудай, үхрийн нүд, чацаргана зэрэг жимсний бут, судан өвсний үр нийлүүлэх бүрэн боломжтойг онцлон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсаас бог, бодын мах авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Буриад Улсад 100 гаруй мах боловсруулах үйлдвэр байдаг байна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Д.Ш.Чирипов Сайдыг Монгол Улсад байнга оршин сууж ажиллахаар ирсэнд баяр хүргээд, Монгол Улс, Бүгд Найрамдах Буриад Улс хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллах нь хамтын ажиллагааны тодорхой үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлнэ гэдгийг онцолсон юм.

Талууд цар тахлын нөхцөл байдал сайжран, хоёр улсын хооронд иргэд чөлөөтэй зорчин, худалдаа, эдийн засаг сэргэх сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам