“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийн өнөөгийн байдал” сэдэвт олон улсын семинар болж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.10.07 17:47


ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон бусад олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийн өнөөгийн байдал сэдэвт” олон улсын семинар өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь оролцож, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийг хүлээн авсан юм.

Монгол Улс 2012 оноос хойш мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгох, малыг ээмэгжүүлж, бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 3 сая гаруй малыг тус системд бүртгэж, холбогдох мэдээллийн санд хадгалсан байна. Гэсэн хэдий ч манай улсын хагас нүүдлийн мал аж ахуйн тогтолцоонд малын бүртгэлийн системийг хэрхэн нэвтрүүлэх нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал байсаар байна.

Тиймээс ХХААХҮЯ-наас холбогдох олон улсын байгууллагуудад хандаж, хамтран шийдэх санаачилгыг 2017-2018 онд хэрэгжүүлсний үр дүнд 2019 оноос ДХБ-ын Стандарт ба Худалдааны Хөгжлийн Байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн “Малыг Ялган тэмдэглэх, Бүртгэлжүүлэх Систем (МЯТБС)”-ийг сайжруулах  туршилтын төслийг хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү туршилтын төсөл нь мал ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үйл ажиллагааны холбогдох дүрэм, журмыг шинэчлэн сайжруулах, програм хангамж-системийг дахин хөгжүүлэх, улмаар Өвөрхангай аймгийн 4 сумын 190 мянган малыг хамруулан ялган тэмдэглэх, бүртгэл хийж мэдээллийн санг бүрдүүлэх, стандарт үйл ажиллагааг газар дээр нь туршиж хэрхэн хэрэгжүүлэх  талаар зөвлөмж гаргах, улсын хэмжээнд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах туршилтыг хэрэгжүүлж улмаар зөвлөмж гарган, системийг шинээр хөгжүүлж хүлээлгэн өгөх зорилготой хэрэгжсэн.

Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 2019-2020 онд системийн програм хангамжийг шинэчлэн сайжруулж, хөдөө орон нутгийн нөхцөлд туршилтыг явуулж, холбогдох дүгнэлтийг гаргасан  байна. Энэ ажлын хүрээнд Өвөрхангай Аймгийн Бат-Өлзий, Уянга, Гучин-Ус, Баянгол сумын малыг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санд хадгалсан бөгөөд төслийн зөвлөх Францын Мал Аж Ахуйн Хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор “Малын генетик нөөцийн үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх журам” болон “Мал бүртгэх журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан.

 


 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам