АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН “САРЛАГИЙН СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ” СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.11.19 18:24


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Дэлхийн Юрта холбооноос хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Сарлагийн сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00-16.45 цагт цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус цахим хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлэв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол Улсын Засгийн газраас дотооддоо сарлагийн удмын санг хамгаалах, сүргийн цус сэлбэлт, үржлийн ажлыг тогтмол зохион байгуулах, сарлагийн сүү, хөөвөр зэрэг түүхий эд, бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Говь-Алтай, Архангай аймагт “Сарлагийн фестиваль”, сүрэг сайжруулсан арга хэмжээг зохион байгуулдаг”. Сарлагийн аж ахуй нь өндөр уулын бүсэд, хязгаарлагдмал орон зайд байршиж, байгаль цаг уурын эрс тэс орчинд дасан зохицсон, өвөрмөц эко орчин бүхий онцлогтой стратегийн нэн чухал салбар. Сарлаг дагасан малчдын соёл, уламжлал, зан заншил, сүү боловсруулах, хэрэглэх уламжлалт мэдлэг, арга ажиллагааг орчин цагт үнэ цэнтэй хадгалах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын амьдралын чанарыг сайжруулах нь цаг үеийн шаардлага болж байна. Ялангуяа, сарлагийн сүү нь технологийн шинж чанар, бүтцээрээ өвөрмөц учраас хүнсний зориулалтаар боловсруулах, хэрэглэх арга ажиллагаанд анхаарах хэрэгтэй”-г онцоллоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа “Ази тивийн сүүний түншлэлийн “Сарлагийн сүү үйлдвэрлэл” сэдэвт цахим хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэ хэлэлцүүлэг нь Ази тивийн бүс нутагт сарлагийн аж ахуй, сарлагийн сүү үйлдвэрлэлийн талаар санал солилцох өргөн боломж олгож байна. Улс орнуудын сарлагийн аж ахуйн талаар хэрэгжүүлсэн бодлого, үр дүнд хүрсэн арга туршлагыг харилцан судлах, суралцах нь чухал байна. Дэлхийн дулаарал, цагийн уурын өөрчлөлт нь сарлагийн аж ахуйн хэтийн төлөвт нөлөөлөх тул улс орнууд, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж шийдэлд хүрэх шаардлагатай. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Дэлхийн хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлын тогтолцоо /GIAHS/-г хөгжүүлэхийг дэмждэг. Сарлагийн аж ахуй нь байгаль экологид ээлтэй тул энэ тогтолцоог нэвтрүүлэх замаар тогтвортой хөгжүүлж болно. Хүнсний аюулгүй байдал, шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх хүрээнд сарлагийн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сарлагийн малчдын амьжиргааг сайжруулах, сарлагийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэх чиглэлд дэмжиж хамтран ажиллах боломжтой” гэдгийг хэллээ. 

Ази тивийн сүүний түншлэлийн цахим хэлэлцүүлэгт Бутан, Энэтхэг, Хятад, Непал, Монгол, Мьянмар, Киргизстэн, Тажикстан, Испани, Итали, Швейцар, АНУ, Норвеги, Швед, Бангладеш, Бельги, Англи, Франц, Чили зэрэг улсаас холбогдох хүмүүс оролцсон нь тус арга хэмжээний өргөн цар хүрээг илтгэж байв. 

Бүс нутгийн цахим хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар хөтлөн явууллаа. Цахим хэлэлцүүлэгт Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн яамны Мал аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Товчу Рабгай “Бутан улсын сарлагийн аж ахуй, сүүний үйлдвэрлэл” сэдвээр, Непал улсын Сүүний салбарын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд захирал Кажи Панта “Непал улсын сарлагийн сүүний үйлдвэрлэл” сэдвээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Цогтбаатар “Монгол Улсын сарлагийн аж ахуйн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын сүүний зөвлөх С.Цэцгээ “Монгол Улсын сарлагийн сүүний бяслаг үйлдвэрлэл” сэдвээр, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төвийн захирал, доктор Михир Саркар “Энэтхэг улсын сарлагийн аж ахуй, сүүний үйлдвэрлэл” сэдвээр, БНХАУ-ын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч “Treasure of Plateau” компанийн ерөнхий инженер Жианг Янши “Хятад улсын сарлагийн аж ахуй, сүүний үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл хийсэн байна.  

Тус арга хэмжээний хэлэлцүүлэгт панелистаар Дэлхийн “Юрта” холбооны үндэслэгч, захирал Сантьяго Бэнитэз, УИХ-ын гишүүн, Монголын сарлагийн холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төвийн захирал, доктор Михир Саркар, БНХАУ-ын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч “Treasure of Plateau” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ванг Сикуан нар оролцож, Ази тивийн бүс нутаг дахь сарлагийн аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тус салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ази тивийн улс орнуудын сарлагийн аж ахуйд байгаль цаг уурын өөрчлөлт, ган зуд, сарлагийн сүргийн цус сэлбэлт, үржлийн ажлыг зохион байгуулах, сарлаг дагасан малчдын насжилт нэмэгдсэн, хөдөө орон нутгаас төв суурин газарт чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэн, алслагдсан бүс нутаг дахь дэд бүтцийн сул хөгжил, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдээгүй, сарлагийн түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон нийтлэг олон асуудал тулгамдаж байна. Гэхдээ сарлагийн аж ахуйг цаашид тогтвортой хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээгээр авч үзэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийг дэмжих, хамтран ажиллах боломж байгаа талаар оролцогчид онцолж байлаа. 

Ази тивийн сүүний түншлэлийн “Сарлагийн сүү үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид “Дэлхийн сарлагийн холбоо”-г үүсгэн байгуулах, сарлагийн аж ахуй, сарлагийн сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх чиглэлд улс орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах, Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд хоёр болон бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой талаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар тогтлоо. 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам