БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЯН

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.11.20 12:42


НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-нд “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” аяныг зохион байгуулдаг билээ. Энэхүү аяны зорилго хүн, мал, амьтан, газар тариаланд хэрэглэдэг бичил биетний эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Бичил биетний тэсвэржилт гэж юу вэ?

Бичил биетнийг устгадаг эсвэл түүний өсөлт, хөгжлийг нь удаашруулах үйлчилгээ үзүүлдэг аливаа бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян бактери, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик байна. Бичил биетний эсрэг эм, бэлдмэлийг тун, хэмжээ хэтрүүлэн хэрэглэх, эсхүл дутуу, буруу давтамжтай хэрэглэх нь бичил биетэн түүнд дасаж тэсвэртэй болох шалтгаан болдог байна. Эм бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд хүн, мал, амьтны эрүүл мэндэд онцгой хор аюултай байдаг.

Бичил биетний тэсвэржилт ямар эрсдэлийг дагуулж байна вэ?

Антибиотик, шимэгч хорхой болон мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, тариалангийн хортон шавж устгагч бэлдмэл зэрэг бичил биетний эсрэг эмийн үйлчилгээний үр дүн буурч, цаашдаа аливаа өвчин, халдвартай тэмцэх арга хэмжээ хүнд сорилттой тулгардаг байна. Үүний улмаас хүний эмчилгээ үр дүнгүй болж нас баралт нэмэгдэх, малын өвчлөл хорогдол ихэснэ гэсэн үг. Тухайлбал, дэлхий дээр жил бүр 700 мянга орчим хүн бичил биетний тэсвэржилтийн улмаас нас барж байна. Бичил биетний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол энэ тоо 2050 он гэхэд жилд 10 саяд хүрэх цочирдом судалгаа ч бий.

Дэлхий нийтэд мал, амьтны эмчилгээнд болон газар тариаланд хэрэглэсэн ББЭЭ-ийн үлдэгдэл хүнсээр дамжин хүний биед орж ББЭЭ-ийн дасал болох эрсдэл жилээс жилд нэмэгдсээр байгаа нь нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын томоохон сорилт болоод байна.

Мал, амьтны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мал, амьтанд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн болон дутуу, буруу хэрэглэх нь нян, бичил биетний тэсвэржилт бий болгож, улмаар эмийн үйлчлэлийг бууруулан, тухайн өвчнийг эмчлэх аргагүйд хүргэх эрсдэлтэй. Бичил биетний эсрэг эмэнд тэсвэржсэн нян, бичил биетэн нь мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах аюултай. Улмаар тэсвэржсэн бичил биетэн нь эрүүл мал, амьтанд халдварлаж өвчлүүлэх, эмэнд тэсвэржсэн халдварыг улам тархаах эрсдэлтэй. Мөн эдгээр малын мах, сүү зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай.  

Бид юу хийх ёстой вэ?

Монголчууд бид антибиотикийн хэрэглээ хамгийн өндөр улсуудын тоонд орж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тайланд дурдсан байна. Түүнээс гадна мал эмнэлгийн салбарт болон газар тариаланд хэрэглэж байгаа ББЭЭ-ийн хэрэглээний хяналтын тогтолцоо бэхжээгүй, зохистой хэрэглээ төлөвшөөгүй байна.

Тиймээс бид бичил биетний тэсвэржилт үүсгэхээс сэргийлж малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүний тулд:

-      Малчид, фермерүүд өөрсдөө малдаа антибиотик эм тариа, ивомек, керолин, туулгалтын бодис зэргийг дур мэдэн хэрэглэхгүй байж, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмчээр хийлгэдэг байх;

-      Малын биеэс эм тариа бүрэн гадагшлах хугацааг  хүлээж цэвэр мах, сүүгээр хүн арддаа нийлүүлж хэвших;

-      Малын эмч нар бичил биетний тэсвэржилт үүсгэдэг эмийг жороор олгодог болох, малчид, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд тогтмол түгээж байх зэрэг нь чухал асуудал болж байна;

-      ББЭЭ-ийн зохистой хэрэглээг дэмжих бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ББЭЭ-ийн хэрэглээний хяналтын стратеги боловсруулж, “Нэг эрүүл мэнд” бодлого концепцын хүрээнд эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;

-      Эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт зохистой дадлуудыг нэвтрүүлэх замаар ББЭЭ-ийн хэрэглээг багасгах;

-      Бичил биетний эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаарх бүх нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэдний хандлагыг өөрчлөх;

-      Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний бохир усны хаягдал зэрэг бичил биетний үлдэгдэл агуулагддаг хог хаягдлыг бүрэн боловсруулж, хүрээлэн буй орчинд тархах, хөрс, ус бохирдохоос хамгаалах зэрэг болно.

 

 

 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам