“БОДЛОГО БОЛОН ТӨСВИЙН УЯЛДАА” СЭДЭВТ ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.11.23 12:52


"Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Бодлого болон төсвийн уялдаа” сэдэвт цуврал сургалтыг өнгөрсөн 10-р сараас эхлэн зохион байгуулж байна. Уг сургалтын тав дахь цувралыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран 2021 оны 11-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллагууд, аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын нийт 300 гаруй албан хаагч оролцож, Монгол Улсын 2022 оны төсвийн бодлого, чиглэл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2022 оны төсөв, түүнийг Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийн талаарх мэдээллийг хийж, санал солилцсон.      

Мөн сургалтаар салбарын 2022 оны төсвийн талаар баримталсан бодлого, хөтөлбөр болон 2021 оны төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагчийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл хүргэж, хамтран ажиллалаа.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам