ХХААХҮЯ: 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.12.31 18:04


МАЛ АЖ АХУЙ
 
Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж эхлэв
УИХ-аас Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг  2020  оны 11-р сарын 13-ны өдөр баталж, 2021 оны 7-р сарын 01-нээс хууль хэрэгжиж эхлэв.
Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн боловч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол зэрэг олон сөрөг асуудал дагуулах болсон. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар олгосон юм.


Мал бүртгэлжүүлэлтийн аян зохион байгууллаа
Мал сүргийг дахин давтагдашгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Мал бүртгэлжүүлэлтийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулав. Үүний үр дүнд
1.   Үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бүхий 747.8 мянган малыг ялган тэмдэглэж, Мал аж ахуйн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийв.
2.   Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажилд гар утасны аппликейшныг хөгжүүлж, засаг захиргааны нэгжийн код бүхий дахин давтагдашгүй хувийн дугаарыг программ автоматаар олгох боломжийг бүрдүүлэв.
3.   Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлын ач холбогдлыг таниулсан шторк, 2 удаагийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд сурталчлав.


Малчдыг дэмжих хөнгөлөлттэй зээл олголоо
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 650 тэрбум төгрөг”-ийн зээлд малчдыг дэмжих 250 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэхүү зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 3 хувийн хүүтэйгээр олгосон. Нийт 19860 иргэн 199.5 тэрбум төгрөгийн зээл авлаа.


 
Баталгаажсан үүлдэр, омгийн малын тоо нэмэгдэв

Шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах ажлын хүрээнд:
-Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд үржүүлж буй ноолуурын чиглэлийн ямаа, Ханбогд суманд үржүүлж буй мах-ноосны чиглэлийн хонийг бие даасан “Омог”-оор тус тус баталж бүс нутгийн онцлогт тохирсон, дасан зохицох чадвартай популяцийн тоог нэмэгдүүлэв.


 
ГАЗАР ТАРИАЛАН

 
Сүүлийн 30 жилийн хугацаанд аваагүй арвин ургац авав
Тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тонн тосны ургамал буюу нэгжээс үр тариа 15.1 цн, хүнсний ногоо 117.9 цн, малын тэжээл 28.3 цн-ийг тус тус хураан авсан. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд  2020 оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонноор, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонноор, тэжээлийн ургамал 130.8 мянган тонноор, тосны ургамал 32.3 мянган тонноор, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлт болсон юм.


 
Хаврын тариалалтыг дэмжих хөнгөлөлттэй зээл олголоо

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 650 тэрбум төгрөг”-ийн зээлд газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэхүү зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 3 хувийн хүүтэйгээр олгосон. Нийт 629 иргэн, аж ахуйн нэгж 43.3 тэрбум төгрөгийн зээл авлаа.  

Таримал ургамлын үр сортын тухай хууль батлагдлаа
Улсын Их Хурлын намрын чуулганаар “Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн баталлаа.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.


 
Улаанбуудай, тэжээлийн таримлын үрийн шинэчлэл хийв

-Хаврын тариалалтад зориулан нийтдээ 10.2 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлж, Засгийн газрын 2021 оны 142 дүгээр тогтоолоор үнийг нь 30 хувиар хөнгөлөн, зээлийн дэмжлэг үзүүлснээр улаанбуудайн үрийн шинэчлэлийг бүрэн хийж хаврын тариалалтыг технологийн хугацаанд хийх боломжоор хангалаа.
-1161 тонн улаанбуудайн элит үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үр үржүүлэх бодлогын гэрээг байгуулан ажилласны үр дүнд 1 дүгээр үржүүлгийн чанарын шаардлага хангасан улаанбуудайн 9.0 мянган тонн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авав.
-Овьёосны “Корифей” сортын элит үр 244 тонныг 13 аж ахуйн нэгжид Засгийн газрын 142 дугаар тогтоолыг үндэслэн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр намрын ургацаас үрийг 1,6 дахин үржүүлэн буцаан тушаах бодлогын гэрээг байгуулан олгосны үр дүнд Хөдөө аж ахуйг дэмжих санд анх удаа овьёосны 390 тонн 1 дүгээр үржүүлгийн үрийн нөөцтэй боллоо.


 
Гаалийн албан татварыг хөнгөлж, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө

Гаалийн албан татварыг хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр батлуулан хэрэгжүүлснээр импортоор нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны болон хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 21.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна.  


 
ХӨНГӨН ҮЙЛДВЭР


Ноос, ноолуур, арьс ширний хөнгөлөлттэй зээл олгов
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулав. 2021 онд нийт ноос, ноолуур, арьс ширний салбарын 47 аж ахуйн нэгжид 100,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.

Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн ажлыг эхлүүлэв
Малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож Монгол улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк” төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төвийн бүсэд малын гаралтай түүхий эд болох арьс шир боловсруулах орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цэвэр эко технологиор боловсруулан жилдээ 4,4 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрийг цэвэрлэх байгууламжийн хамт цогцоор нь шийдсэн Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн ажлыг эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр 110 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортлон, 2300 гаруй шууд ажлын байр бий болно.


 
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.
Итали руу экспортод гарсан 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. “Ханбогд кашимер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрлээ.


 
 
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР

 
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. Хууль батлагдсанаар
•    Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих
•    Хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулах,
•    Хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагууд, хоршооны салбарын холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгох,
•    Татвар ногдох орлогыг тодорхойлох бүртгэлийн аргачлалд хоршооны үйл ажиллагааны онцлогийг тусгах,
•    Хоршооны өөрийн хөрөнгийг тодорхой болгон санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг нэмэгдүүлэх,
•    Хоршоонд хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо.


 
106 мянган ажлын байрыг хадгаллаа
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд бага хүүтэй, хугацаа урт "Ажлын байрыг дэмжих" зээлийг олгосон. Зээл олгосноор нийт 106 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн бөгөөд хамгийн үр дүнгээ өгсөн хөтөлбөр болсон юм.


 
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР

Өвлийн идэш арга хэмжээ зохион байгуулав
Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 3 үе шаттай зохион байгуулж, 18 тэрбум төгрөгийн 2 мянган тонн мах,  320 сая төгрөгийн цагаан идээ, цагаан будаа, гурил, нарийн ногоо, жимс борлуулахад дэмжлэг үзүүлсэн. Энэ нь махны дундаж үнэ 26.8 хувиар буурахад нөлөөлсөн байна. 


 

Импортын хүнсний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангав
Импортын гол нэрийн хүнсийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хүнсний авто болон төмөр замын ачаа эргэлтэд хяналт тавьж, сайжруулснаар нийлүүлэлт 2021 оны эхний хагас жилд 2.6 дахин нэмэгдсэн. Нөөц 3 сараас дээш хугацаагаар бүрдэж, үнийн хэт өсөлт саармагжсан.

Намрын ногоон өдрүүд 15 дахь жилдээ зохион байгуулагдав
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээг 15 дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Нийт 420 иргэн, аж ахуйн нэгж оролцож нийт 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн байна.

Монгол Улс БНХАУ-д гурил экспортолно
Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлоход хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортлох эрхтэй боллоо. Бид өнгөрсөн жилийн туршид тооцоо судалгаа хийж, хэд хэдэн удаагийн уулзалтыг БНХАУ-ын талтай амжилттай хийсний үр дүнд Монгол Улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж ийн нээгдлээ.
Манай улсад жилд 943 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын хүнд цаг үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ.


 
 
 
 
 
 


Зохиогчийн эрх ©2022 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам