ХУДАЛДААНЫ АХМАД АЖИЛТАН Я.НОРОВЦЭРЭНГ МОНГОЛ УЛСЫН “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ”-ООР ШАГНАВ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.12.31 19:09


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн  мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан худалдааны ахмад ажилтан Янгивын Норовцэрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагналаа.

Я.Норовцэрэн 1959-1965 онд хотын худалдааны бааз, хүнсний 20 дугаар дэлгүүрт нярав, нягтлан, 1970-1976 Их тэнгэр цогцолборын дарга, Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн удирдах газар, трестийн дарга, Эрдэнэт хотын Худалдаа хангамжийн байгууллага, ГОК-ийн худалдаа ахуй үйлчилгээний цех, “Гал Оч” ХХК  зэрэг худалдааны салбарын байгууллагад тасралтгүй 49 жил ажиллажээ.

Тэрээр тухайн нийгмийн нам, төр, засгийн тэргүүн нарт болон манай улсад айлчилж буй гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд зочид буудал, зоогоор үйлчлэх ажлыг гардан зохион байгуулж байсны зэрэгцээ Эрдэнэт хотын худалдааны байгууллагын материал техникийн баазыг бэхжүүлэх, цэг салбарын тоог боловсронгуй болгон нэмэгдүүлж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, соёлч боловсон шуурхай болгож, бараа, хүнс, хоолны нэр төрлийг олшруулах, амт чанарыг нь сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулж худалдаа, нийтийн хоолны салбарын хөгжилд нэр төртэй оролцож, амжилт бүтээлтэй ажиллаж  ирсэн манай салбарын хүндтэй нэгэн юм.  

Энэхүү шагналыг ахмад ажилтан Я.Норовцэрэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулж амьдралын арвин их туршлагаа залуу хойш үедээ сурган хүмүүжүүлж, эрүүл энх, аз жаргал,  урт удаан наслахын ерөөлийг дэвшүүллээ.


 
 
 
                            


 


Зохиогчийн эрх ©2022 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам