Сүү үйлдвэрлэлийн салбарын танилцуулга

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 470.5 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хувийг ашиглаж байна.

2020* оны урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан бөгөөд өмнөх оны тоо хэмжээтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйд байгаа 2091 толгой цэвэр үүлдрийн үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү, 67.0 мянган толгой эрлийз үнээнээс өдөрт дунджаар 6 литр сүү авч байна. 2020* онд эрчимжсэн мал аж ахуйгаас 111.6 сая.литр сүүг үйлдвэрт нийлүүлсэн байна. Үүнээс үзэхэд нийт нийлүүлсэн шингэн сүүний 70 хувийг дулааны улиралд, 30 хувийг сэрүүний улиралд бүрдүүлж байна.

Эрчимжсэн аж ахуйгаас нийлүүлэх сүүний хэмжээнд улирлын хамаарал ихээхэн нөлөөлж байгаа тул өвөл, хаврын улиралд төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэхгүй байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж хэрэгцээ 54 %-ийн үзүүлэлттэй байна.

ЗГҮАХ-ийн холбогдох заалт:

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох” журмыг батлуулсан.

Хугацаа:

Журманд заасан шаардлагыг хангасан сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү тушаасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарын 31-нийг дуустал, 2025 оны 6 сар хүртэл олгоно.

Уг журмын хэрэгжилтийг хангах зорилгоор шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудад  техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн, Үндэсний статистикийн хорооны 2019, 2020 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажсан, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ И-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 8.585.965 литр түүхий сүү тушаасан 2.375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу 4,194,280,400.0 төгрөгийг Төрийн сангийн дансаар дамжуулан олгосон.

Нийт урамшууллын 5 сарын хугацаанд 2375 малчин, эрчимжсэн
аж ахуй эрхлэгч нарт олгосон мөнгөн урамшууллын хэмжээ

Сарууд Хэмжээ /литр/ Малчин Нийт /₮/
1 11 дүгээр сард 1,939,944 2375 969,972,000.0
2 12 дугаар сард 1,533,489 1659 766,744,500.0
3 01 дүгээр сард 1,638,597 2041 720,596,400.0
4 02 дугаар сард 1,576,414 1717 788,207,000.0
5 03 дугаар сард 1,897,521 1724 948,760,500.0
Нийт 8,585,965   4,194,280,400.0

Урамшуулал олгохдоо:

  1. Сүү бэлтгэлийн системийг шаардлага хангасан 8 үйлдвэрт нэвтрүүлсэн.
  2. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид татварын цахим төлбөрийн системд бүртгэгдэн борлуулалтын баримтаар баталгаажсан.
  3. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн “А” дансны мэдээлэл нь Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн мал тооллогын мэдээлэлд бүртгэгдсэн.
  4. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ нь малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сангийн системд бүртгэгдсэн. Эдгээр шаардлагыг хангасан 2982 малчин урамшуулалд хамрагдсан.

Сүүний үйлдвэрүүд дотооддоо коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зөвлөмж боловсруулан мөрдөн ажиллаж байна.

Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам