Органик хүнсний үйлдвэрлэл

Органик хүнс хөдөө аж ахуйн салбарын уриа: “АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ” (THINK FUTURE PICK ORGANIC)

Салбарын алсын хараа:  ОРГАНИК, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАРЧМЫГ ХҮНСНИЙ СҮЛЖЭЭНИЙ БҮХ ҮЕ ШАТАНД ХЭВШҮҮЛЭХ

Салбарын зорилго: 2030 ОНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 5 ХУВЬ ОРГАНИК БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН БАЙХ

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч, аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна. Иймд дэлхийн улс орны Засгийн газрын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд тогтвортой органик үйлдвэрлэл  маш чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна. Мөн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг судалгаа харуулсаар байна (Эх үүсвэр: https://www.fibl.org/en/media/html).

FiBL (Щвейцарийн Органик хөдөө аж ахуйн судалгааны институт)-ийн 2019 оны судалгаагаар дэлхийн 93 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд дэлхийн 179 улсын 2.9 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 70 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 97 их наяд америк долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. ХАА-н эдэлбэр газрынхаа 10 болон түүнээс дээш хувьд органик үйлдвэрлэл эрхэлж буй улс орны тоо 14-д хүрсэн байна. (Эх үүсвэр: https://www.organic-world.net/index.html). 

Дээрх дотоод болон гадаад нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны 4 сард баталсан. Мөн Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “...Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ...” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монгол улсад хэрэгжүүлж эхлэхэд  чухал түлхэц болж байна.  

Органик салбарын хөгжлийг хангах чиглэлээр тус яамнаас 2016- 2019 онд хийсэн гол ажлыг тоймловол: 

  1. Монгол Улсын Их хурлаас 2016 онд баталсан “Органик хүнсний тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 онд холбогдох 4 журам, 1 аргачлал, 1 хэрэглэх бодисын жагсаалтын төслийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт давхардсан тоогоор 50 гаруй удаагийн танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны А-09,  А-180 дугаар тушаалаар тус тус батлуулсан. Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах бүх журам, аргачлал, жагсаалт батлагдснаар Монгол улсад органик хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах эрх зүйн орчин бүрдсэн.
  2. ХХААХҮЯ органик болохыг илэрхийлсэн 6 тэмдэг, тэмдэглэгээг өөрийн оюуны өмчөөр бүртгүүлж, гэрчлэх тэмдгийн 40-0019373 дугаарт бүртгүүлсэн. Ингэснээр зах зээлд худалдаалагдаж буй баталгаажуулалтад хамрагдаж, бүртгэгдсэн органик хүнсийг хэрэглэгчид хялбар таних боломжтой юм. 
  3. Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn ашиглалтад оров. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийтдээ 12 хамтын баталгаажуулалтын байгууллага, 1 хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага органик хүнсний баталгаажуулалтыг явуулж байна.  Баталгаажсан, бүртгэлтэй 210 төрлийн органик болон шилжилтийн үеийн органик хүнс хэрэглэгчдийн гарт очоод байна (Мэдээллийн эх үүсвэр: www.organic.gov.mn) . Хэрэглэгчид маань энэхүү бүртгэл, мэдээллийн сангаас аливаа химийн бодис, пестицид хэрэглээгүй, баталгаажсан, бүртгэлтэй органик болон шилжилтийн үеийн органик хүнсний талаар мэдээлэл авч, үйлдвэрлэгчтэй холбогдох боломжтой юм. 
  4. МХЕГ, ШӨХТГ, НХХААГ-тай хамтран зах зээл дээр байгаа “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд улсын хэмжээнд  тандалт судалгаа хийсэн. Үүнд 360 зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдхүүн хамрагдсан. Эдгээр бүтээгдэхүүний 38.9 %  нь  Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсныг илрүүлсэн болно. Мөн Хүнсний тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдвэрлэгчид, борлуулагчдын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих ажлыг 2019 оны 10 сард зохион байгуулсан. Энэхүү хяналтаар нийт хяналтад хамрагдсан бүтээгдэхүүний 15% нь зөрчилтэй байгааг тогтоож, холбогдох байгууллагад алдаа, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах албан тоот хүргүүлж байна.  
  5. Органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэлэлцүүлэг, мэдлэг олгох сургалтыг 70 орчим удаа зохион байгуулж, 2500 орчим хэвлэлийн материалыг олон нийтэд түгээв.

Хэдийгээр органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч бидний өмнө дараах хүндрэлүүд байна:

  1. Малчид, тариаланчид маань органик арга, зарчмын талаар, мэдлэг мэдээлэл хомс, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ хүрэхгүй байна.
  2. Хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, ойлголт муу байна. 
  3. “Органик” гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байсаар байна. 
  4. Баталгаажуулалтын байгууллагын боловсон хүчний чадавхийг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. 

Эдгээр хүндрэл бэрхшээлийг давж туулах гарц нь төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа бөгөөд 2020 онд тус яамнааас дараах ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд: 

  • Баталгаажуулалтын байгууллагуудтай Захиргааны гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Органик хүнсний үйлдвэрлэлд  төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын талаар санал боловсруулах, хэлэлцүүлэх;
  • Органик хүнс, хүнсний сав баглаа боодлын аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих;        
  • “Азид Органик хүнс хөдөө аж ахуйн салбарын манлайллыг төлөвшүүлэх нь” -“Organic Agroindustry Development Leadership Course in Asia” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулах;    
  • Хэрэглэгч мобайл  апликейшн ашиглан органик хүнсний баталгаажуулалтыг шалгах, мэдээлэл авах  бололцоог бүрдүүлэх, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих, гарал үүслийг тогтоох цахим бүртгэлийг органик хүнсний бүртгэл, мэдээллийн сантай холбох;     
  • Органик хүнс болон хүнсний сав баглаа боодлын чиглэлээр сургалт, олон нийтэд хандсан сурталчилгаа, арга хэмжээг зохион байгуулах;

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам