Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

1. Хоол үйлдврэлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа

Улсын хэмжээнд: Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийтдээ 8500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47% нь аймаг орон нутагт, 53% нь нийслэл хотод ажиллаж байна. Үүнээс ресторан 1570, кафе 400, баар 1331, түргэн хоолын газар 85, эмнэлэг сувиллын 544, сургуулийн 1600, дотуур байрны 283, цайны газар 2369 нийт 8467 гал тогоо бүхий хоолны газар тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 31% нь нийгмийн салбарт, 68% нь бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 3200 гаруй  нь архи согтууруулах ундааны зөвшөөрөлтэй. Салбарт нийт 40 000 гаруй ажилтан ажилладаг. Хоолны газрын нийт  суудлын тоо 600 000-650 000 гаруй.

Аймгийн хэмжээнд: Монгол улсын 21 аймгийн хэмжээнд ресторан 549 (үүнээс бие даасан 256, зочид буудлын дэргэдэх 160, амралтын газрын 133), кафе 175, баар 386,  түргэн хоолын газар  85, цайны газар 558, албан байгууллагын дэргэдэх хоол үйлдвэрлэл 113, эмнэлэгийн 381, цэцэрлэг сургууль, түүний дэргэдэх дотуур байрны  дэргэдэх 1031, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, их дээд сургуулийн 46, цэргийн анги хорих газрын 53, замын дагуух болон амралтын газруудын цайны газар 243, бэйкери 24, нийт 4002 аж ахуйн нэгж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, сард дунджаар 6, 048 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. Дээрх ААНБ-ийн 927 нь согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй. Ажиллах хүчний хувьд 21 аймгийн хэмжээнд 12 000 гаруй ажилтан ажиллаж байгаагаас мэргэжлийн үнэмлэхтэй тогооч-4938, зөөгч-967 байгаа нь нийт ажилтны 51%-ийг эзэлж  байна.

“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар тавих ерөнхий шаардлага МNS 4946-2019” стандартад заасан ангиллын дагуу аймгуудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын бүтцийг авч үзвэл:

  • Рестораны ангилалд: Рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоогоор Орхон, Дорноговь, Дархан–Уул, Төв, Сүхбаатар, Баян-Өлгий аймаг тэргүүлж, Завхан, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь  аймаг хамгийн цөөн.
  • Баарны ангилалд: Орхон /66/, Дархан–Уул /57/ аймагт хамгийн их баар байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Архангай болон Говь-алтай аймгуудад хамгийн цөөн,
  • Цайны газрын ангилалд: Бие даасан цайны газар Баян-Өлгий аймагт хамгийн их, Өмнөговь, Говьсүмбэрт аймагт хамгийн цөөн, Замын дагуух гэр болон бусад цайны газар Өвөрхангай, Дорнод, Завхан аймгуудад хамгийн олон байна.

Нийслэл хотын хэмжээнд: Нийслэл хотын хэмжээнд 1021 ресторан, 945 баар, 1297 цайны газар, 225 кафе болон кофе шоф  буюу 2100 архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй хоолны газар, 950 гаруй гал тогоо бүхий сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж ажиллаж байна. Үүнээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цайны газар, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоолны газрын тоо өндөр байна /хуучин ангиллаар/.

Улсын хэмжээнд салбарт үйл ажиллагаа явууулж буй ААНБ-ын тоо, үйлчилгээний төрлөөр

Үйлчилгээний төрлөөр аймаг нийслэл /хуучин
стандартын ангиллаар/
нийт
1 Ресторан 256 1021 1570
2 Зочид буудлын дэргэдэх ресторан 160
3 Амралтын газрын дэргэдэх ресторан 133
4 Кафе 121 225 400
5 Кофе шоп 54
6 Баар /караоке, пиво/ 386 945 1331
7 Түргэн хоолны газар 85 - 85
8 Эмнэлэг, сувилал 444 100 544
9 Цэцэрлэг, сургуулийн /хувийн болон төсвийн/ 915 685 1600
10 Дотуур байрны 273 10 283
11 МСҮТ, их дээд сургуулийн 51 35 86
12 Үйлдвэр, албан байгууллагын 119 1297 2369
13 Цэргийн ангийн 35
14 Хорих ангийн 18
15 Амралтын газрын 109
16 Замын дагуух  /гэр,бусад/ 243
17 Бие даасан 558
18 Буфет 4    
19 Бэйкери, кулинари 38    
Нийт 4002 4465 8467

Эх сурвалж: Нийслэлийн ЗАА-ны ХҮХҮХ, аймгийн ХХААГ-аас ирүүлсэн судалгаагаар, 2019 он

2. Салбарын эдийн засгийн үзүүлэлт

Нийтийн хоолны салбарын орлого: Нийтийн хоолны салбарын орлого сүүлийн 10 жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 7 дахин нэмэгдсэн ба үүнд ресторан, хүргэлтийн хоол үйлчилгээний орлого голлон нөлөөлдөг.

Нийтийн хоолны салбарын орлого, сүүлийн 10 жилээр, тэрбум төгрөгөөр

он 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019*
нийт орлого 89.9 220.3 332.7 334.1 316.6 354.6 385.6 467.8 664.4 632.1

Эх сурвалж. ҮСХ-ны тайлан.2020 оны 4-р сар

Нийтийн хоолны салбар орлогыг сүүлийн 5 жилээр авч үзэхэд өссөн дүнтэй хэдий ч энэ оны хагас жилийн байдлаар олон улсад тархаад байгаа халдварт цар тахлын тархалтын үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотой салбарын орлого буурсан байна. 2020 оны эхний улиралд салбарын орлого 208 тэрбум төгрөг хүрч,  өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.6%-иар буурсан буюу рестораны орлого 1.3 (2.1%) тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 (1.1%) тэрбум төгрөгөөр өсч, баарны орлого 2.5 (59.8%) тэрбум төгрөгөөр буурсан. Нийт орлогын 60.8%-ийг ресторан, 24.6%-ийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 6.9%-ийг кафе, 6.0%-ийг гуанз, 1.7%-ийг баарны үйл ажиллагааны орлого эзэлсэн байна. Рестораны орлого өмнөх улирлаас 13.9 тэрбум төгрөг буюу 18.2%, баарны үйл ажиллагааны орлого 3.1 тэрбум төгрөг буюу 64.9%, кафены орлого 2.7 тэрбум төгрөг буюу 27.7%, гуанзны орлого 2.2 тэрбум төгрөг буюу 26.6 %, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 2.5 тэрбум төгрөг буюу 8.8%-иар тус тус буурчээ. (Эх сурвалж. ҮСХ-ны тайлан.2020 оны 4-р сар).

Нийтийн хоолны салбарын орлого, жил бүрийн эхний хагас жилээр, үйлчилгээний төрлөөр /тэрбум төгрөгөөр/

Эх сурвалж. ҮСХ-ны тайлан.2020 оны 7-р сар

Өөрөөр хэлбэл 2020 оны эхний хагас жилд орлого 214.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.0 (5.3%) тэрбум төгрөгөөр буурсан буюу баарны орлого 5.5 (63.6%) тэрбум төгрөг, гуанзны орлого 3.2 (20.4%) тэрбум төгрөг, кафены орлого 3.1 (16.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн буюу салбарын орлогын 61.4%-ийг ресторан, 24.2%-ийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 7.1%-ийг кафе, 5.8%-ийг гуанз, 1.5%-ийг баарны үйл ажиллагааны орлого эзэлсэн байна.

3. Монгол улсын нийтийн хоолны салбарын эрх зүйн орчин

Нийтийн хоолны салбарын харилцааг зохицуулсан хууль:

  • Хүнсний тухай хууль,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль
  • “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль,
  • Өрсөлдөөний тухай хууль,

Бодлогын баримт бичиг, үндэсний  хөтөлбөр:

  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого
  • Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого
  • “Алсын хараа 2050” дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүд
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай салбар дундын стратеги /2016-2021/
  • Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги /2015-2025 он/
  • Эрүүл хүнс - Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр /2019-2024 он/
  • Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр /2016-2025/
  • “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр” /2020-2025/
  • Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр;

Салбарт мөрдөх стандарт:

  • “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, MNS 4946:2019
  • “Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт, MNS 6777:2019
  • “Худалдааны үйлчилгээ, худалдааны газрын ангилал, нэр томъёо” MNS 6506:2015
  • Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх ангилал “Ерөнхий шаардлага “ MNS 5343:2003
  • Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчмын дадлын олон улсын зөвлөмжийн дүрэм MNS CAC 1:2003
  • Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлага MNS CAC 1:2007
  • Барааны агуулах “Техникийн ерөнхий шаардлага” MNS5364:2011
  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг. Техникийн ерөнхий шаардлага MNS 6192-2010:
  • Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC RCP 39-2011:
  • Гадна талбайд хоол хүнс бэлтгэх, борлуулах эрүүл ахуйн дадлын дүрэм MNS CAC RCP 43-2011:

2019-2020 онд шинээр боловсруулж, батлуулахаар ажиллаж буй стандарт, баримт бичгийн төслийн жагсаалт:

  • “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой дадал нэвтрүүлэх хялабршуулсан заавар”-ын төсөл
  • “Хоолны газрын хүний нөөц, тавих шаардлага”-ын төсөл
  • “Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага”-ын төсөл /Төслийг энд дарж үзнэ үү./
  • “Хоолны газрын үйлчигээ, тавих шаардлага”-ын төсөл
  • “Хоолны газрын зэрэглэл, тавих шаардлага” үндэсний стандартын төсөл

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, хөгжүүлэх,
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт зохистой дадлуудыг хэвшүүлж, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хоолны газруудад зэрэглэл тогтоох,
  • Үндэсний уламжлалт болон орон нутгийн онцлог бүхий хоол, үйлдвэрлэл үйлчилгээг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор дэмжих, таниулах,  олон улсад сурталчлах,
  • Хоол үйлдвэрлэлийг хүний эрүүл мэндийг дэмжих, зөв зохистой хооллолтын чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх, “Өглөөний цай” хөдөлгөөнийг өрнүүлэх
  • Хүнсний түүхий эдийн ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох,
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хүний нөөцийн асуудлыг тусгасан заалтыг холбогдох эрх зүйн баримт бичигт тусгах ажлыг холбогдох байгуулагуудтай хамтран зохион байгуулж, хэрэгжилтийг хангах,
  • Хүн амын хоол, хүнсний талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах.

2020 онд хийж буй ажлууд:

  1. 1.    Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр:
  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 192 дахь заалтад тусгагдсны дагуу “Хүнсний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалыг 2019 онд батлуулж, 2020 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл батлагдснаар “Нийтийн хоолны газрыг зэрэглэх журам”, “Хүнсний инженер технологич нарт мэргэшлийн зэрэг олгох журам”-ыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, салбарт одоо тулгамдаж буй зарим харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
  • “Хоолны газарт тавих шаардлага MNS 4946:2019”, “Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт 6777:2019” үндэсний стандарт батлуулж, хоолын газрууд мөрдөн ажиллаж байгаатай холбоотой хоолны газрын дэлгэрэнгүй судалгааг шинэчилж байна. “Кейтеринг үйлчилгээ, түүнд тавих шаардлага”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хүний нөөц, тэдгээрт тавих шаардлага” үндэсний стандартыг шинээр боловсруулан, СХЗГ-т батлуулахаар хүргүүлж, 2020 оны 9-10-р сард СХЗГ-ын даргын тушаалаар батлуулна.
  1. 2.    Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, бусад хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны хүрээнд:
  • Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги /2015-2025 он/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” 2 шатны арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоотой хамтран 21 аймаг, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг оролцуулан зохион байгуулж, зарим нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх давсны агууламжийг 60% хүртэл бууруулсан. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар цаашид хүн амын дунд тохиолдох халдварын бус өвчлөл буурах, хүн амын дунд зохистой хооллолтын мэдлэг дээшлэх ач холбогдолтой. Цаашид энэ арга хэмжээг аж ахуйн нэгжүүд өөрийн санаачлагаараа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг ХХААХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2020 оны 06-р сарын 30-нд баталж, эрх зүйн мэдпээллийн нэгдсэн сүлжээнд байршуулсан.
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам