Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын тухай

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улсын нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг  зохицуулж буй эрх зүйн актын хүрээнд бүрдэж байна. 

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой. 

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд холбогдох яам, агентлаг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнсний эрх зүйн хороо зэрэг олон улсын байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

“Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай тодорхойлсон.

Хүнсний аюулгүй байдлын үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг:

  1. Хүнсний хангамж тогтвортой, тэнцвэртэй байх.
  2. Хүнс шим тэжээллэг чанартай байх.
  3. Хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдсан байх.

Хүнсний хангамжийн хувьд:

Монгол Улсын хүн амын хүнсний бодит хэрэглээ 2019 оны урьдчилсан дүнгээр малын мах 450.1 мянган тн, загас 2.9 мянган тн, шувууны мах 13.7 мянган тн, сүү 956.8 мянган тн, сүүн бүтээгдэхүүн 169.4 мянган тн, гурил, гурилан бүтээгдэхүүн 236.8 мянган тн, төрөл бүрийн будаа 45.2 мянган тн, төмс 192.6 мянган тн, хүнсний ногоо 177.7 мянган тн, буурцагт ургамал 0.1 мянган тн, жимс, жимсгэнэ 54.4 мянган тн, өндөг 17.0 мянган тн, ургамлын тос 12.7 мянган тн, саахар чихрийн зүйл 177.2 мянган тн байжээ.

Монгол Улсын хүнсний хангамжийг гол нэрийн бүтээгдэхүүн тус бүрээр авч үзвэл, 2019 оны урьдчилсан дүнгээр малын мах 397.7 хувь, загас 10.1 хувь, шувууны мах 36.3 хувь, сүүн бүтээгдэхүүн 99.8 хувь, гурил 179 хувь, гурилан бүтээгдэхүүн 40 хувь, төрөл бүрийн будаа 95.9 хувь, төмс 170.2 хувь, хүнсний ногоо 72.5 хувь, буурцагт ургамал 0.2 хувь, жимс жимсгэнэ 28.9 хувь, өндөг 90 хувь, ургамлын тос 58.8 хувь, саахар чихрийн зүйл 569.3 хувийн хангамжтай байна.

Хүнсний хангамжийн тогтвортой байдлын хувьд 2019 онд малын мах, сүү, төмс, гурилыг 96.3-100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Харин сүүн бүтээгдэхүүний 69.3 хувь, гурилан бүтээгдэхүүний 65.9 хувь, хүнсний ногооны 56 хувь, өндөгний 56.2 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ. Харин загас, загасан бүтээгдэхүүн 100 орчим хувь, шувууны мах 96.6 хувь, төрөл бүрийн будаа 100 хувь, жимс жимсгэнэ 96.7 хувь, ургамлын тос 98 хувь, элсэн чихэр 100 хувийн импортын хамааралтай байна. Энэ нь нэг талаас манай улсын байгаль цаг уурын нөхцөл, дотоодын хязгаарлагдмал үйлдвэрлэлтэй холбоотой.

Хүнсний шим тэжээллэг байдлын хувьд:

Үндэсний статистикийн хорооны судалгааны дүнгээс үзэхэд улсын дунджаар жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэг болон үндсэн шимт бодисын хэмжээ зөвлөмж нормтой харьцуулахад аль ч улиралд давсан, харин байршлын хувьд ялгаатай буюу хот, хөдөөд харилцан адилгүй байна. Хүн амын хоол, тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтоосон. Мөн хүн амын дунд А амин дэмийн дутлын тархалт “дунд зэрэг”, төмөр, иодын дутал тодорхой түвшинд байсаар байгаа тул олон төрлийн хүнс хэрэглэх, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулахыг зөвлөмж болгосон. Хүн амын дундах илүүдэл жин, таргалалт нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах түвшинд хүрсэн тул эрүүл хооллолт, зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, амин дэм, эрдсээр баялаг хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж судалгааны дүнд дурджээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хувьд:

Хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээнд 2019 онд хими, хор судлал, эрүүл ахуй, нян судлал, ургамал хорио цээрийн чиглэлээр нийт 106.1 мянган сорьцод давхардсан 290.6 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс бохирдлын түвшин 3.3 хувьтай гарсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 2019 онд 33.2 мянган зөрчил илрүүлснээс 74 хувийг нь арилгуулжээ. Илрүүлсэн зөрчлийн 17.9 хувийг дотоод хяналтын, 10.8 хувийг түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын, 12.6 хувийг хадгалалт, тээвэрлэлтийн, 11.6 хувийг сав, баглаа боодол, хаяг шошгын, 18.5 хувийг ариун цэвэр, эрүүл ахуйн, 11.2 хувийг барилга байгууламж, норм дүрмийн, 9.6 хувийг ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн, 7.8 хувийг технологийн үйл ажиллагааны зөрчил тус тус эзэлж байна. Цаашид хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хүнсний сүлжээний бүх шатанд хангахад онцгойлон анхаарч, хүнснээс шалтгаалан хүн амын эрүүл мэндэд учирч буй эрсдлийг бууруулах шаардлагатай байна.

 

“ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Хүнс бол хүн амын суурь хэрэглээ байдаг билээ. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогын асуудал нь дэлхийн улс орон бүрийн хувьд ач холбогдолтой байдаг.

Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталсан хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм.  

Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчирна.

"Эрүүл хүнс - Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ, хөтөлбөрийн тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

"САВ, БАГЛАА БООДОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ, хөтөлбөрийн тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам