Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ын 2.1.3 дахь хэсэгт аж үйлдвэрийг хөгжүүлэх I үе шат буюу 2016-2020 онд “Нийт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх”;

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  2.50 дахь заалтад “Хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ”;

“Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан төлөвлөгөөний  2.1.10 дахь заалтад “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх гэж; 1.1.8. дахь заалтад Байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор дэмжих гэж тус тус заасны дагуу  Монгол улсын Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг баталсан.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээгээр 2019 онд 32,26 сая хонь, 29,26 сая ямаа, 472.38 мянган тэмээ, 4,75 сая үхэр (үүнд 877.7 мянган сарлаг), 4,21 сая адуу, нийтдээ 70,96 сая мал тоологдсон ба ямаан сүргийн тоо толгой өмнөх оноос 2136.96 мянган толгойгоор өссөн байна.

Түүхий эдийн нөөц, тн

  Түүхий эд 2015 2016 2017 2018 2019
1 Хонины ноос 25500 27400 30600 33000 35000
2 Ямааны ноолуур 8300 9000 9600 9500 10000
3 Тэмээний эм ноос 1050 1100 1200 1300 1400
4 Сарлагийн хөөвөр 200 220 240 250 260

Ноолуурын салбар:

Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Ноолууран ширхэгт нь байгалиас нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй үзүүлэлтээрээ ноолууран бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн түвшингийн дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байна.

Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр  59, өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна.

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гол нэр төрлөөр

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн Хэмжих
нэгж
2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Самнасан нолуур т 1586.7 824.7 874.3 417.0 521.8 633.2 754.5 776.3 1101.8 1160.3 774.0
Угаасан ноос  мян.т 1.3 2.3 1.8 1.1 0.9 1.4 1.8 7.0 8.7 3.3 3.4
Ээрсэн утас т 56.4 90.2 10.0 11.6 9.9 6.7 0.4 0.0 2.0 7.4 -
Хивс  мян.м2 542.2 609.6 850.8 850.8 852.9 743.6 680.1 439.1 497.9 528.2 478.3
Тэмээний ноосон хөнжил  мян.м 36.9 15.3 25.8 8.2 14.7 18.5 23.0 12.2 30.2 9.4 9.9
Эсгий  мян.м 70.2 104.5 208.0 219.4 142.0 127.9 125.6 89.4 114.9 112.1 187.4
Сүлжмэл эдлэл  мян.ш 613.9 731.1 757.9 795.1 932.8 954.4 829.3 812.5 1008.4 1461.3 1729.6
Ноосон нэхмэл т 258.7 330.2 262.6 314.9 243.0 322.4 399.5 391.7 534.1 606.6 527.0

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо, Аж үйлдвэрийн салбар 2019 он

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Ноолуур хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн,  техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх юм.

Ноос боловсруулах салбар

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, 4 нэхэх үйлдвэр, 9 ээрэх үйлдвэр, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх 1 үйлдвэр, 25 угаах үйлдвэр, 23 хялгас ялгах үйлдвэр, 56 сүлжих үйлдвэр, эсгий эдлэл үйлдвэрлэх 16 үйлдвэр, ноосон бордоо үйлдвэрлэх 1 үйлдвэр, 120 эсгийлэх үйлдвэр нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

2011 онд батлагдсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 30-р тогтоол нь ноос боловсруулах салбарт шинэ эрин үеийг авчирсан, түүнийг сэргээн хөгжүүлэх боломжийг нээж өгсөн түүхэн ач холбогдолтой бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон тухайн жилийн хэрэгцээт түүхий эдийн нөөц, түүхий эд бэлтгэлийн ажлаа төлөвлөх гүйцэтгэх улмаар техник технологийн шинэчлэлт хийх, шинээр үйлдвэр байгуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон.

”Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 6-р сарын 03-ны өдрийн 30-р тогтоолоор дараах шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсэн. Үүнд:

  1. Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Уг тогтоолын дагуу 2011-2013 онуудад ноос боловсруулах салбарын 24 үйлдвэрт 31,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдож үйлдвэрүүд тоног төхөөрөмжийн шинэчлэлд 12,9 тэрбум төгрөг, үйлдвэрийн өргөтгөл засварт 5,1 тэрбум төгрөг, эргэлтийн хөрөнгө худалдан авахад 13,1 тэрбум  төгрөгийг тус тус зарцуулсан байна.
  2. Хонь тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд төрөөс мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Уг тогтоолын дагуу 2011-2019 онуудад үндэсний үйлдвэрт ноос тушаасан малчдад 196,5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.
Он 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Малчны тоо  32977 103162 117667 80619 79407 92885 86985 49625 46828
Олгогдсон урамшуулал 9.8 29.4 36.6 18.3 19.3 22.6 22.5 18.6 19.4

”Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн Газрын 2013 оны 4-р сарын 13-ны өдрийн 141-р  тогтоолоор ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх 45 сая хүртэлх ам.долларын (70,7 тэрбум төгрөг) зээл олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар нийт 17 үйлдвэрийн төсөлд 48,2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
”Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30-р тогтоол болон ”Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн Газрын 2013 оны 141-р  тогтоол хэрэгжилтийн үр дүнд ноос боловсруулах салбарт техник технологийн шинэчлэлт хийгдэж ололт амжилт бий болсоор байгаа бөгөөд 2012-2019 онуудад ноос боловсруулах салбарт шинээр 1882 ажлын байр нэмэгдэж нийт 278,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна.

Ноос боловсруулах салбарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ноолуурын салбарын техник эдийн засгийн үндэслэл дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам