Хэвлэлийн үйлдвэрлэл

ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН 

Аж үйлдвэрлэлийн салбар: Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны жилийн эцсийн   байдлаар 20650,3 тэрбум төг болж, өмнөх оныхтой харьцуулахад  5,0 хувь буюу 4,987,5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өмнөх оны мөн үеэс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэс, цайрын баяжмал,төмрийн хүдэр, алт, нүүрс зэрэг бүтээгдэхүүний олборлолт 8,3-46,7%, боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарт катодон зэс, цэвэр ус,шар айраг, цемент, шингэн сүү, архи, ундаа хиаман төрлийн бүтээгдэхүүн хэвлэмэл хуванцар картууд,  дэр мод зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл 0,1-75,8% -иар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15,7 их наяд төгрөг, борлуулалт 18,3 их наяд төгрөгт хүрсэн мэдээтэй байна. 

Эх сурвалж :Статистикийн эмхэтгэл -2017 он

Хэвлэлийн үйлдвэрлэл: Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотод 210 орчим, хөдөө орон нутагт 80 орчим аж  ахуйн нэгж хэвлэлийн чиглэлээр  үйл   ажиллагаа  явуулж,  3500 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Нийт хэвлэх үйлдвэрүүдийн 203 орчим буюу  70 %  эх бэлтгэх, цөөн тоогоор олшруулах, бэлэг дурсгалын зүйл хэвлэх жижиг үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Харин 70  дунд үйлдвэр  буюу  15%  нь офсет, торгон хэвлэл болон бусад, үлдсэн 17 том үйлдвэр буюу  15% нь ихээр  захиалга хүлээн авах боломжтой, өндөр технологитой нэг буюу түүнээс дээш өнгө үйлдэлт  хэвлэх машинтай, олон  үйлдэлтэй тоног төхөөрөмжит  үйлдвэрүүд байна.

Хэвлэлийн үйлдвэрлэлийн хүчин чадал,бүтээгдэхүүний  нэр төрлөөр ангилбал:

Хэвлэлийн үйлдвэрлэлийг бүтээгдэхүүний 30% ном, сурах бичиг, 20% сонин сэтгүүл, 15% зар сурталчилгааны хэвлэл, 10% сав баглаа боодол, 5% үнэт цаас,10% бусад хэвлэл эзэлж байна. Цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл  сүүлийн  жилүүдэд тогтмол өсөж байгаа ба 2010 оны байдлыг 2017 онтой  харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ 2,2 дахин  өссөн байна.

Хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэл ба борлуулалтын мэдээг хүснэгтээр харуулбал:

/Эх сурвалж.: 2012-2017 оны жилийн эцсийн статистик мэдээ/

Тухайн эх сурвалжид татвар, бүртгэлтэй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид мэдээллээ оруулдаг бөгөөд албан бус мэдээгээр үйлдвэрлэл болон борлуулалтын орлого 2 дахин нэмэгдсэн дүн гардаг. Энэхүү шалтгаан нь тус салбарын нийт үйлдвэрлэлийн 60-аас доошгүй %-ийг эзэлж буй түргэн үйлчилгээ үзүүлдэг иргэд, ААН татвар, бүртгэлийн нэгдсэн системд хамаарагддаггүй явдал нь тооны үзүүлэлт бодит бус гарахад нөлөөлж байна.

Сүүлийн 5 жилийн тоон үзүүлэлтийг харахад уг салбар бусад хөнгөн үйлдвэрийн салбартай харьцуулахад, зээл тусламж хөнгөлттэй нөхцөл шаардахгүй бие даан хөгжиж буй бөгөөд тодорхой түвшинд хүрч нэгэн жигд хэвийн өсөлттэй байгааг харуулж байна. Энэхүү өсөлт нь эдийн засийн уналт савлагаанд эрсдэлд өртөхгүй дархлаа суусан гэж үзэж болохоор байна. 

УЛС ТӨР, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Манай хөнгөн үйлдэрлэлийн салбарын хөгжил түүний дотроос хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд эрхзүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр өнөөдрийн байдлаар дараахь хууль эрхзүйн актууд хүчин төгөлдөр  мөрдөж байна. Үүнд :

Хуулиуд :

  1. МУ-ын Үндсэн хууль
  2. Төрийн албаны тухай хууль
  3. Яамны эрхзүйн байдлын тухай хууль
  4. Хөгжлийн бодлогын тухай хууль 
  5. Хууль тогтоомжийн тухай хууль
  6. Төсвийн тухай хууль 
  7. Үйлдвэржилтийг дэмжих тухай хууль
  8. Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хууль
  9. Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа,  ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль
  10. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль
  11. Гаалийн тухай хууль
  12. Инновацийн тухай хууль
  13. Патентын тухай хууль 
  14. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль
  15. Татварын ерөнхий хууль
  16. Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль
  17. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль
  18. Хөрөнгө оруулалтын тухай хууль

УИХ болон ЗГ-ын тогтоолууд

  1. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /УИХ-ын 2016 оны 62 дугаар тогтоол/
  2. Монгол улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол/
  3. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /УИХ-ын 2016 оны 19 дугаар тогтоол/
  4. Хэвлэлийн үйлдвэрлэл хөтөлбөр /Засгийн газрын 2008 оны 53 дугаар тогтоол/
  5. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай /Засгийн газрын  2014 оны 18 дугаар тогтоол/
  6. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газрын  2012 оны 100, 2014 оны 191 дугаар тогтоол/
  7. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт батлах тухай /Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоол/
  8. Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоол/
  9. Ноолуур хөтөлбөр /Засгийн газрын 47 дугаар тогтоол/

Эдгээр хууль, эрхзүйн актуудаас хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр үр нөлөө, эерэг үр дүн авчирсан хөтөлбөр бол Засгийн газрын 2008 оны 53-р тогтоолоор батлагдсан “Хэвлэлийн үйлдвэрлэл” хөтөлбөр юм. Уг хөтөлбөр арга хэмжээ нь 2 үе шаттайгаар 1-р үе шат 2009-2012 он, 2-р үе шат 2013-2016 онд тус тус 8 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. 

Хөтөлбөрийн зорилго нь хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, зохицуулах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, импортын бүтээгдэхүүн, түүхий эдийг орлуулах дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэх, орон нутагт хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, хэвлэлийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулахчиглэлээр  нилээдгүй  арга хэмжээ, төсөв хөрөнгөөр хэрэгжээд 2016 онд дууслаа. 

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогот туссан хөнгөн үйлдвэрийн нийтлэг зорилтуудад хүрээнд тухайлбал, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мэдээллийн нэгдмэл санг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжид хөнгөлөлт эдлэх гэх мэт зорилго, зорилтууд нь уг салбарт зайлшгүй бөгөөд эерэг үр дүн агуулсаар  авчирсаар байна. Харин татвар, гаалийн тухай хууль, төсвийн тухай хууль,НӨАТ-ын тухай хуулиудын харилцан хамаарал, салбарт ирж буй ачаалал нь сөрөг үр дүнг агуулсаар байгааг дурьдахгүй өнгөрч боломгүй байна.Тухайлал, цаас цаасан түүхий эд нь цэвэр 100% импорт, техник,тоног  төхөөрөмж мөн адил  хамааралтай байгаа, цаасан түүхий эдийн гаалийн татвар өндөр байгаа нь мэдээж бүтээгдэхүүний өртөгт,чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.

НИЙГЭМ, СОЁЛЫН ОРЧИН

Хөнгөн үйлдвэрлэлийн ууган салбар болох 1921 оны ардын хувьсгалтай мөр зэрэгцэн бий болсон хэвлэлийн үйлдвэрлэл нь өнө удаан жилийн түүхтэй ч  тухайн цаг үеийнхээ нийгмийн шаардлага хэрэгцээг хангаж, улсынхаа нийгэм соёлын амьдралд байнгын түүчээ болж үзэл суртал, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлсээр ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар сонингийн 70%  үйлдвэрлэдэг “Чөлөөт хэвлэлийн сан”,”Өдрийн сонин”, “Зууны мэдээ” 5 үйлдвэр байна. Мөн томоохон хэвлэлийн үйлдвэрүүдийн  дэргэд Мөнхийн үсэг ХХК-ны Аз хур, Адмон ХХК-ны Монсудар, Сэлэнгэпресс ХХК-ны Номын хүрдэн зэрэг хэвлэлийн редакциуд ажиллаж хэвлэл ном зохиолын зохиогчийн эрхтэй ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд  зурагт радио болон цахим хэлбэрээр мэдээ, мэдээлэл их авдаг болсноор сонин номын зах зээл дээрх эрэлт буурах хандлагатай болсон байна. Сониноос авах мэдээллээ цахим ертөнцөөр авдаг болсон нь нэг талдаа,  үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй ч, нөгөө талдаа өнгөт хэвлэмэл сэтгүүл номын эрэлт хэрэгцээ өсөж буй нь үйлдвэрлэлийн өсөлт, бүтээгдэхүүний чанар,өртөгт эерэг нөлөөтэй гэж үзэж болохоор байна. Мөн ном хэвлэл, сонинг  судалгаа шинжилгээ хийх, номын өв санг хадгалах, түүх архивын зориулалтаар ашиглах эрэлт хэрэгцээ хэвийн түвшинд байна.

Цахим ертөнцөөр мэдээ, мэдээлэл авах нь хүний биед ялангуяа сургуулийн болон бага насны хүүхэд залууст нилээн их сөрөг нөлөөлөлтэй болохыг сүүлийн жилүүдэд илүү ихээр өсөж буй  донтогсдодын тоо харуулна. Монголчуудын түгээмэл хэрэглэж байгаа олон нийтийн харилцааны сайтуудад Facebook, YouTube, Twitter, Yahoo  зэрэг сайтууд дээгүүр байр суурь эзэлж байна. Facebook сайтыг 170.000 орчим иргэд хэрэглэж51% нь 18-34 насны залуучууд байна. Монголд 1,823 идэвхитэй шинэчлэгддэг блог сайтууд бүртгэгдсэн ба blog.gogo.mn 23%, blog.banjig.net 18%, miniih.com 18%, гэх мэт үзүүлэлттэй байна. Монголын олон нийтийн харилцааны сайт Biznetwork.mn /70.000 орчим монгол хэрэглэгчтэй/ өндөр хандалттай сайтуудын тоонд орно. Интернэтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ ихсэх хэрээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн бизнесийн орчинд таатай нөхцөл бүрдэж хэрэглэгчийн тоо нэмэгдэх үндэс болж байна.

ХҮН АМ ЗҮЙН ОРЧИН

Монгол улс хүн амын 2016 оны урьдчилсан тооллогоор 3120,9 мянган болж,өмнөх оноос 63,2 мянган хүнээр өмнөх оныхоос 2,1 %-иар өслөө. Улсын хэмжээнд 2016 онд 79382 хүүхэд төрснөөс 98,5% эх  орондоо төржээ. Хүн амын суурьшилт, хөдөлгөөн хот сууринд 2096,2 мянган хүн буюу 68,0% нь байгаагаас УБ хотод 1396,3 мян хүн хөдөө орон нутагт 961,6 мянга буюу 32,0%  оршин сууж байна. Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 68% нь УБ хот, Дархан, Эрдэнэт хотуудад оршин сууж байна. Хөдөлмөрийн насны хүн амын УБ хотын 45%,  Дархан 44%, Эрдэнэт 48% нь хөдөлмөр эрхэлдэг. Эдийн засгийн идэвхитэй хүн амын насжилтаас үзвэл 19-40 насны хүн амын хөдөлмөр эрхлэлт өндөр байгаа ба ХХК-ийн хэрэглэгчдийн дундаж насжилттай ижил байна. Хөдөлмөрийн насны ажилллах хүчний судалгаагаар аж үйлдвэрийн хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 35000 мэргэжилтэй ажилтан ажиллаж байна. Үүнээс тухайн салбарт ажиллагсад нь 4000 ажилтан ажиллаж байна.Сүүлийн 3 жилээр дундажаар хөнгөн үйлдвэрийн салбарт хэвлэлийн үйлдвэрлэгчдийн эзлэх хувь 10,3% байна.

Тухайн салбарт ажиллагсадын хувьд эрүүл мэнд, ажлын байрны хортой нөхцөлд тооцогддог байсан ч, орчин үеийн техник технологийн дэвшил нь эдгээр эрсдлээс бүрэн хамгаалагдсан гэж үзэж болно. Салбарт ажиллагсадын боловсон хүчин бэлтгэх, гадаад дотоодод сургах, давтан сургах, мэргэжлийн инженер техникийн ажилтанг бэлтгэх сургах чиглэлээр их дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж байгаа ч өөр олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулах шаардлага байсаар байна. Нөгөө талаас, орчин үеийн үйлдвэрлэлийн өндөр хурдтай тоног төхөөрөмжүүд нь хүний оролцоог багасгаж, өндөр мэдлэг ур чадвар шаардаж буй нь ажлын байрны хомсдол, ажилгүйдэлийг өсгөж байна.

ТЕХНОЛОГИЙН ОРЧИН

Дэлхийд хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, техникийн дэвшлээр Япон, Герман, Швейцарь, Хятад зэрэг улс тэргүүлж байна. Эдгээр техник, технологийн дэвшлийг  нутагшуулж, бүтээгдэхүүний чанар стандартаар дэлхийн жишигт хүрэх нөхцөл бүрдүүлэх явдал бидний гол дорилт болоод байна.Сүүлийн 5 жилд гарсан технологи дэвшилүүд:

  • “Мөнхийн үсэг” группын сав баглаа боодлын  “Эко Пак Монгол”ХХК 2010 онд байгуулагдан хоногт 80-100 мянган ш хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай, хүний биед хоргүй,  байгаль орчинд ээлтэй эко үйлдвэр 30 орчим нэр төрлийн савлагааны бүтээгдэхүүн нийлүүлж өндөр үр ашигтай ажиллаж байна. 
  • Дэлхийн өндөр технологийн  хэвлэх машин RIYOBI 928  ашиглан офсет хэвлэлийн хосломол лакны  5С-7С технологи тэргүүлэх 4-5 үйлдвэрт нэвтэрсэн. 
  • PANOBOOK хэвлэлт буюу солонгоролттой  3D метал хэвлэлт хэд хэдэн томоохон үйлдвэрүүд нэвтрүүлж байна.
  • Монголдоо хамгийн том А1 форматаар хэвлэж байна.
  • Үнэт цаасны тусгай нууцлалтай өндөр технологи нэвтрэн  бензин талон, хэвлэмэл картууд, саналын хуудас зэргийг хурдтай олон тоогоор  хэвлэн нийлүүлж байна. 
  • Япон, Солонгос, Тайланд, БНХАУ-н хэвлэлийн холбоодтой хамтын ажиллагаатай ажиллаж, шинээр Германы Салмандр фирмийн төлөөлөгч, ОХУ дахь суурин төлөөлөгч Глеб Газухин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Мөнхийн Үсэг ХХК, Финпак ХХК зэрэг компаниудын үйлдвэрүүдийг  танилцуулсан.
  • 2016 онд БНСУ, БНХАУ-н Хэвлэлийн холбоо, Японы SYBER корпорацийн удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч салбарын хөгжил, МХҮХ-ны үйл ажиллагааг танилцуулж, санал солилцов.
  • 2016 онд БНХАУ, БНСУ, ХБНГУ-д зохиогдсон хэвлэлийн техник, технологийн ОУ-н үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидтай холбоон тогтоон, хэвлэлийн үйлдвэрийн захиралуудын багийг тусгай хөтөлбөр программтайгаар оролцуулсан. Үзэсгэлэн үзэж сүүлийн үеийн техник, технологийн дэвшил, чиг хандлагын талаар мэдээлэл авах, худалдааны гэрээ байгуулах, сургалт судалгааны байгууллага, үйлдвэрүүдээр орж танилцах уулзалт хийсэн зэрэг нь манай салбарын гадаад хамтын ажиллагаа болон технолги шинэчлэлд тодорхой үүрэг гүйцэтгэж байна.

Харин техник хангамжийн хувьд сүүлийн 6 жилд давхардсан тоогоор 600 гаруй үйлдвэрлэгч, ААН, иргэд 110,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсний үр дүнд техникийн хүчин чадал эрс нэмэгдсэн байна. Одоогоор суурилагдсан хүчин чадлын  55-60%-ийг ашиглаж байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Тухайн салбарын дотоодын зах зээл дээрх хамгийн том ололт бол 2016 оны 9 сард хийсэн судалгаагаар дотоод зах зээлийн 92% -ийг хангаж байна гэж гарсан явдал бол хамгийн том амжилт юм. Гадаад зах зээл дээр урд хөршөөс чанар муутай, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн  нийлүүлдэг байсан ч эрхзүйн тодорхой зохицуулалт , бодлогын дэмжлэг эерэг нөлөө авчирсан байна.

  • Хүн амын байршил, нягтаршил. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй 300 шахам үйлдвэр цехүүдийн 86 % буюу 254 нийслэлд, 14% буюу 56 үйлдвэр нь хөдөө орон нутагт ажиллаж байна.Эндээс харахад хэрэглэгч захиалагчийн 80 орчим % хот суурин газруудад, үлдсэн 20% орон нутагт бөгөөд хэрэгцээ шаардлага ч энэ статистик дүн мэдээтэй уялдаж байна,
  • Соёл, боловсролын байгууллагуудын байршил.  Манай бүтээгдэхүүний гол хэрэглэгч  болох мэргэжлийн болон ерөнхий боловсролын, их дээд сургуулийн 90 орчим % Улаанбаатар хотод байрлаж байна. Мөн номын сан, соёл боловсролын байгууллагууд ч нийслэл хот суурин газруудад байршиж байна.
  • Эрэлт-хэрэглэгчдийн судалгаа. Тухайн салбарын үйлдвэрлэл нь хэрэглэгчид сургуулийн 6-18 насныхан, оюутан эрдэм шинжилгээний байгууллага 20-55 насны хэрэглэгчид нь хөдөлмөрийн насны иргэдийн 60-70% эзэлдэг иргэд юм. Эрэлтэнд тулгуурлан захиалгаар голцуу үйлдвэрлэдэг учир бүтээгдхүүний борлуулалт өндөр, үлдэгдэл байхгүй байдаг явдал.
  • Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн нэр  төрлөөр авч үзвэл, ном сурах бичиг, сонин сэтгүүл -80%, хэвлэл реклам зар, хулдаасан хэвлэл -15%, хаяг шошго сав баглаа боодол бэлэг дурсгал, дүрс бичлэг-10%,  бусад -5% үнэт цаасан бүтээгдэхүүн эзэлж байна.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн нэгдмэл байдал.Дотоод болон гадаад зах зээлээ хамгаалах, харилцан шударга өрөсөлдөөний зарчмыг бий болгох үүднээс Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо санаачлан  гишүүн байгууллагууд үнийн нэгдсэн бодлогын талаар санал солилцох уулзалт зохион байгуулж үнэ бодох томъёоллоо хэлэлцэж тогтсон байна.
  • Дэд бүтэц холбоо, харилцааны хувьд манай салбарт нөлөөлөх нөлөөлөл бага зэрэг. Томоохон үйлдвэрлэл явуулахад автозам, төмөр замын болон цахилгаан дэд бүтэц шаардлагатай ч алслагдсан орон нутагт хэвлэлийн үйлдвэрлэл байгуулах хэрэгцээгүй, харин тодорхой хэмжээгээр кластержуулах, паркаар хөгжүүлэх, борлуулалт нийлүүлэлтийн  логистик-сүлжээг бий болгох бодлого баримтлах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

ӨРСӨЛДӨГЧИЙН СУДАЛГАА

Зах зээлд нийлүүлж буй хэвлэмэл бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлэх зорилгоор үндэсний стандартын газартай хамтран  гадаад орнуудын болон өөрийн орны үндэсний стандарт боловсруулах талаар багагүй ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Мөн шударга өрсөлдөөний зарчимаар төрийн болон орон нутгийн өмчит газруудын дэргэд хэвлэлийн цех ажилуулж төсвөөс багагүй хэмжээний зардал гаргаж, чанаргүй бутээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг явдлыг зогсоох талаар удаа дараа албан тоотыг хүргүүлээд байна. Нийт ийм төрлийн 12 хэвлэлийн цех байна. Жижиг төрлийн цех маягаар ажиллаж буй хэвлэлийн үйлдвэрлэл,түргэн үйлчилгээ үзүүлэгч ААН, иргэд нь татвар, нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа явдал нь шударга өрсөлдөөн, чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хариуцлага хүлээхгүй байгаа байдал нь тухайн салбарын өрсөлдөөнд сөрөг хандлага үзүүлж байна. Харин жижиг үйлдвэрлэгчид болон дундын зуучлагч байгууллага, иргэд хууль бусаар сонгон шалгаруулалтанд оролцож,  их хэмжээгээр захиалга авч урд хөршид хэвлүүлдэг байсан явдал нь манай салбарын үйлдвэрлэлд ихээхэн сөрөг нөлөөтэй байсан. Эдгээр шударга бус, хууль бус үйл ажиллагааг зогсоохын  тулд салбарын яам нилээн хэд хэдэн арга хэмжээ шийдвэрийг гаргуулсны үр нөлөөнд харьцангуй энэ үйл ажиллагаа буурсан байна. Мөн дээр дурдагдсан үнийн нэгдмэл  бодлого баримтлах зарчим ч энд өрсөлдөөний зарчимд нөлөөтэй юм.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн зан төлөвөөр гаргавал:

Манай хэвлэлийн үйлдвэрлэлийн хэрэглэгчидийн эрэлт нь джитал үйлдвэрлэлийн өнгөт хэвлэл, хөнгөн авсаархан, мэдээлэл ихээр багтсан, эдэлгээ удаан, ном хэвлэл, сонин, сэтгүүл, сурах бичиг хэрэглэхийг илүүтэйд үзэж сонирхож байна. Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хоргүй, сургуулийн насныханд эдэлгээ удаан даах, төрөл бүрийн халдвар нян тараахгүй, өнгө үзэмж сайтай орчин үед тавигдаж буй олон улсын чанар стандартын шаардлагад өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ нийцүүлэх үүднээс хэвлэмэл бүтээгдэхүүний  туршилт-судалгааны лабораторийг байгуулахаар  2018 оны улсын төсөвт суулгаад байна. Хэвлэлийн бүтээгдэхүүнээс авч буй мэдээллийн агуулга, зориулалтын хувьд шинжлэх ухаан танин мэдэхүй, сургалт судалгааны, түүх архивын, зар сурталчилгаа мэдээ мэдээллийн,төрийн болон бусад албан хэрэгцээний гэсэн ангилж болох юм. Хэрэглэгчийн сонирхол, авьяас билэг, зан төлөв, эрхэлж буй ажил мэргэжил, нас хүйс зэргээс хамааран ном, сонин, сэтгүүл, дүрс бичлэг нь өв соёл болон шүтэн дээдлэх, уламжлагдан хадгалагдах, бэлэглэн үлдээх сайхан ёс заншил болон онцлог юмаа.

ДҮГНЭЛТ:

Дээрх хэвлэлийн үйлдвэрлэлийн борлуулалт болон бүтээгдэхүүнийн чанарын талаарх судалгаа, шинжилгээ, тоон мэдээллийг үндэслэн дараахи дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

  • Цаас, цаасан түүхий эдийн импортын хараат байдлаас гарахын тулд цаасны үйлдвэрийг монголд байгуулах боломжийн талаар олон санал, хэлэлцүүлэг, судалгаа хийгдсэн байна. Эндээс цаасны үйлдвэрлэл байгуулах явдал эдийн засгийн  үр ашиггүй, бөгөөд  харин бага оврын туслах материал будаг, тоног төхөөрөмжийн үйлдвэр, техник засвар үйлчилгээ, худалдааны нэгдсэн төв байгуулах төсөл хөтөлбөр боловсруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
  • Хаягдал цаас дахин боловсруулж сонин, номын цаас үйлдвэрлэх технологи, боломж нөхцлийн талаар судалгаа хийж, төсөл боловсруулах ажлыг хурдан хийх
  • Цаасан түүхий эдийн гаалийн татварыг тодорхой шатлалаар бууруулах импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийх  
  • Салбарын мэргэжилтэй ажилтан ИТА бэлтгэх, сургах, давтан сургах, гадаадад орнуудад мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, боловсролын байгууллага, МСҮТ, мэргэжлийн холбоод төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам