Сав баглаа боодлын үйлдвэрлэл

ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН

Монгол Улсын ДНБ-ний үйлдвэрлэл  2016 оны жилийн эцсийн   байдлаар 23166,8 тэрбум төг болж, өмнөх оныхтой харьцуулахад  29,1 хувь буюу 1073,5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин  Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9943,2 тэрбум төг болж, өмнөх оныхоос 14,1%-иар өссөн байна. Харин хөнгөн үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1833,6 тэрбум төг болсноос сав баглаа боодлын үйлдвэрлэл 3,4 %  буюу 70 орчим тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Монгол Улсын хэмжээнд сав баглаа боодлын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 50 орчим ААН, үйлдвэрт  1200 гаруй иргэд ажиллаж байна. Албан бус мэдээгээр жилдээ 150 орчим тэрбум төгрөгийн үйлдвэрлэл борлуулалт хийдэг гэсэн судалгаа байгаа ч, борлуулалтын хувьд захиалгаар үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн 70-80% -ийг эзэлж байна. Хүнсний зориулалттай сав баглааны үйлдвэрлэл нь  хүнсний аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг учир онцгой нөхцөл, чанар стандарт, шаардлага тавигддагаараа онцлог билээ.

Борлуулалтын мэдээ:

/Эх сурвалж.: 2013-2018* оны жилийн эцсийн статистик мэдээ/

Тухайн эх сурвалжид татвар, бүртгэлтэй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид мэдээллээ оруулдаг бөгөөд албан бус мэдээгээр үйлдвэрлэл болон борлуулалтын орлого 2 дахин нэмэгдсэн дүн гардаг. Энэхүү шалтгаан нь тус салбарын нийт үйлдвэрлэгчдийн  50-аас доошгүй % нь  бүртгэлийн нэгдсэн системд хамаарагддаггүй явдал нь тооны үзүүлэлт бодит бус гарахад нөлөөлж байна. Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтийг харахад  салбарын үйлдвэрлэлийн өсөлт нэмэгдэж байгаа нь харагдаж байна.  Мөн бусад хөнгөн үйлдвэрийн бусад салбаруудтай хоршин, кластержих маягаар хөгжих зайлшгүй шаардлага урган гарч байна.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Сав баглаа боодлын үйлдвэрлэлд мөрдөгдөж буй хууль. эрхзүйн орчинг авч үзвэл:

Хуулиуд :

  1. МУ-ын Үндсэн хууль
  2. Төрийн албаны тухай хууль
  3. Яамны эрхзүйн байдлын тухай хууль
  4. Хөгжлийн бодлогын тухай хууль 
  5. Хууль тогтоомжийн тухай хууль
  6. Төсвийн тухай хууль 
  7. Үйлдвэржилтийг дэмжих тухай хууль
  8. Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хууль
  9. Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль
  10. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль
  11. Гаалийн тухай хууль
  12. Инновацийн тухай хууль
  13. Патентын тухай хууль 
  14. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль
  15. Татварын ерөнхий хууль
  16. Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль
  17. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль
  18. Хөрөнгө оруулалтын тухай хууль

УИХ болон ЗГ-ын тогтоолууд

  1. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /УИХ-ын 2016 оны 62 дугаар тогтоол/
  2. Монгол улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол/
  3. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого /УИХ-ын 2015 оны 104 дугаар тогтоол/
  4. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /УИХ-ын 2016 оны 19 дугаар тогтоол/
  5. Сав баглаа боодол үндэсний  хөтөлбөр  /Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоол/
  6. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай /Засгийн газрын  2014 оны 18 дугаар тогтоол/
  7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газрын  2012 оны 100, 2014 оны 191 дугаар тогтоол/
  8. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт батлах тухай /Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоол/
  9. Ногоон хөгжлийн бодлого /УИХ-ын 43 дугаар тогтоол/
  10. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоол/
  11. Нийлэг хальсан 0,025 мм доош зузаантай гялгар уутыг хэрэглэх, үйлдвэрлэх,худалдаалахыг хориглох тухай /Засгийн газрын 189 дугаар тогтоол/
  12. Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоол/

Эдгээр хууль, эрхзүйн актуудаас тухай салбарт  хамгийн өндөр нөлөөлөлтэй  хөтөлбөр бол Засгийн газрын 2016 онд 287-р тогтоолоор батлан гаргасан “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  ХХААХҮСайдын 2017 оны 04-р сарын 25ны өдрийн А-54 тушаалаар ”Сав баглаа боодол.” хөтөлбөрийг хэрэгжүүлэн зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлан гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Хөтөлбөрийн зорилго нь Сав баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулах явдал юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 3 зорилт тавин ажиллаж байна.Үүнд:

  1. Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй сав баглаа боодлын үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээг дэмжсэн эрхзүйн болон бизнэсийн таатай орчныг бүрдүүлэх
  2. Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах 
  3. Сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хангамжийг нэмэгдүүлэхээр тус тус тусгагдсан байна. 

Мөн сав баглаа боодол үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөг ЭМЯ, МХЕГ,СЯамдууд хамтран хэрэгжүүлэхээр тушаалын төслийг хүргүүлээд байна. Арга хэмжээний төлөвлөгөөний санхүүжилтэд  улсын төсөв хүрэлцээгүй байгааг харгалзан хөрөнгө оруулалтын семинарыг  энэ оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

НИЙГЭМ, СОЁЛЫН ОРЧИН 

Монгол улсад анх 1958 онд БНХАУ-ын тусламжаар Налайхад шилэн лонхны үйлдвэр, 1970 онд цаасан хайрцагны үйлдвэр, 1972 онд Финляндын хөрөнгө оруулалтаар нийлэг уутны үйлдвэр, 1990-1996 онуудад банз, фанер, эслэг хавтангаар хайрцаг, хаягдлаар өдөрт 250кг хүртэл боодлын цаасны үйлдвэрлэдэг “Сав баглаа боодлын нэгдэл” тус тус байгуулагдсанаар сав баглаа боодлын салбарын анхны суурь тавигдаж байжээ. Өнөөдрийн байдлаар 50 орчим ААН,үйлдвэрлэгчид биеэ даан төрөл бүрийн нийлэг уут, хүнсний хуванцар  сав, бөглөө, төрөл бүрийн цаасан уут  тор, хүнд даацын болон даацын бус хэрэглээний мяндсан шуудай, 1 удаагийн  хоолны хэрэгсэл, шингэн бүтээгдэхүүний канистер сав, хаяг  шошго зэрэг 10 гаруй нэрийн 100 орчим  төрлийн   бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт суурилагдсан хүчин чадлынхаа 60 орчим % -ийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд томоохон хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бусад салбаруудтай хоршин, кластер хэлбэрээр ажиллавал илүү үр дүн, өгөөжтэй байхаар байна. Дотоодын хэрэгцээний 30 орчим % үйлдвэрлэж, үлдсэн % импортоор хангагдаж байна. 

Тухай салбарын нийт үйлдвэрлэлийн 95% нь нийслэлд байрладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 онд хийсэн хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар савны хэрэглээг тандах зорилгоор 3 аймаг, Улаанбаатар хотын 300 орчим өрхөд явуулсан судалгаагаар нийт өрхийн 90 хувь нь хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав ашиглаж байна гэсэн дүн гарчээ. Мөн энэ үеэр хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг судалгаанд хамрагдагсдын 78 хувьд дутмаг байгааг тогтоосон байна. Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шилжиж, хүний биед орж хуримтлагдан олон төрлийн өвчний суурь шалтгаан болоод зогсохгүй хорт хавдар үүсгэдэг гол хүчин зүйлийн нэг болохыг тогтоосон байна.

ХҮН АМ ЗҮЙН ОРЧИН

Монгол улс хүн амын 201 оны жилийн эцсийн тооллогоор 3120,9 мянган болсон нь  өмнөх оноос 63,2 мянган хүнээр өмнөх оныхоос 2,1 %-иар өслөө. Хүн амын суурьшилт, хөдөлгөөн хот сууринд 2096,2 мянган хүн буюу 68,0% нь байгаагаас УБ хотод 1396,3 мян хүн хөдөө орон нутагт 961,6 мянга буюу 32,0%  оршин сууж байна. Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 68% нь УБ хот, Дархан, Эрдэнэт хотуудад оршин сууж байна. Хөдөлмөрийн насны хүн амын УБ хотын 45%,  Дархан 44%, Эрдэнэт 48% нь хөдөлмөр эрхэлж буй нь хангалттай бус харагдаж байна. Эдийн засгийн идэвхитэй хүн амын /19-40 насны / хөдөлмөр эрхлэлт өндөр байна. Хөдөлмөрийн насны ажилллах хүчний судалгаагаар аж үйлдвэрийн хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 48000 мэргэжилтэй ажилтан ажиллагаагаас тухайн салбарт ажиллагсад нь 1100 ажилтан ажиллаж байна. Сүүлийн 3 жилээр дундажаар хөнгөн үйлдвэрийн салбарт сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь 3,1% байна.

Тухайн салбарт ажиллагсадын хувьд эрүүл мэнд, ажлын байрны  нөхцөл хэвийн горимд тооцогддог ч үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь хүн амын хүнсний аюулгүй байдалд нэн чухал нөлөөтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Салбарт ажиллагсадын боловсон хүчин бэлтгэх, гадаад дотоодод сургах, давтан сургах, мэргэжлийн инженер техникийн ажилтанг бэлтгэх сургах чиглэлээр их дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж байгаа ч өөр олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулах шаардлага байсаар байна. Нөгөө талаас, орчин үеийн үйлдвэрлэлийн өндөр хурдтай тоног төхөөрөмжүүд нь хүний оролцоог багасгаж, өндөр мэдлэг ур чадвар шаардаж буй нь ажлын байрны хомсдол, ажилгүйдлийг өсгөж байна.

ДҮГНЭЛТ:

Дээрх нөхцөл байдлын үнэлгээнээс харахад  сав баглаа боодлын  үйлдвэрлэлийн  салбарт тулгамдаж буй асуудал нь хүнсний зориулалтын бус сав баглаа боодлыг хэрэглээнээс хасаж, улмаар дотоодын хэрэгцээг хангах, дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнсний бүтээгдэхүүний сав баглааны аюулгүй байдал, чанар стандартыг шинэчлэх, шинээр батлуулах, орчуулан нутагшуулах асуудал тулгарч байна. Иймд дараахь ажлуудын цаашид хийх хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:   

  • Салбарын түүхий эд бүтээгдэхүүний чанарын стандарт, хүнсний аюулгүй байдлын журам горимыг олон улсын жишигт хүргэх 
  • Сав баглаа боодлын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх 
  • Химийн хорт бодисны савыг /Хөх цэнхэр сав/-ыг унвны ус, сүү цагаан идээний зориулалтаас халах 
  • Орлуулах бүтээдэхүүн үйлдвэрлэл, уламжлалт сав баглаа боодлын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, сурталчлах 
  • Олон нийтэд болон сав баглаа боодлын соёл хэрэглээний талаар сургалт сурталчилгаа хийх  
  • Сав баглаа боодлын тэмдэглэлт өдөр-тэй болох асуудал, монголын сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоог Дэлхийн сав баглаа холбоонд /WPO/ гишүүнээр элсэх асуудлыг хөхүэлэн дэмжих
  • Нийгмийн хариуцлагатай иргэд, ААН, үйлдвэрлэгчдийг шалгаруулан, дотоодын сав баглаа боодлын үйлдвэрлэгчпийг дэмжих хүрээнд “МӨНГӨН БОГЦ” арга хэмжээг уламжлал болгон явуулах 
  • Салбарын хүний нөөц бэлтгэлийг шинэ шатанд гаргаж, өндөр технологи бүхий гадаад орнуудтай хамтран ажиллах
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам