Гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь манай орны хувьд харьцангуй шинэ салбар бөгөөд 1990 оноос өмнө зөвхөн гар нүүрийн саван үйлдвэрлэж байжээ. Харин зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнээс хойш 1989 оноос хувийн хэвшлийн анхны үйлдвэрүүд байгуулагдаж анх нүүр арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бий болж, 2018 оны байдлаар Монгол улсад гоо сайхны салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх бүхий 30 орчим компани үйл ажиллагаа явуулж байна.  

Уг компаниуд нь Монгол орны хуурай, эрс тэс уур амьсгалд тохирсон төрөл бүрийн витамин, амин хүчил, уураг зэрэг биологийн идэвхит бодисоор баялаг гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Өнөөгийн байдлаар Монгол улсын 40 гаруй стандартуудыг (MNS) мөрдөж байгаас 75.6 хувь нь 2010 оноос өмнө батлагджээ. Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа,  үйлдвэрлэлийн талаар тусгайлсан хууль, эрх зүйн баримт бичиг батлуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар 8.0 тэрбум төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрсэн бөгөөд жил жилд  бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч байна. Сүүлийн 5 жилийн дундажаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 21 хувиар өсч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл төдийгүй бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна.

Сүүлийн жилүүдэд Монгол оронд үйлдвэрлэсэн экологийг цэвэр материалаар хийсэн, ямар нэгэн химийн орц найрлагагүй бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна.

Экспортын гол зах зээл нь Азийн орнууд тэр дундаа Хятад болон Гонконг байна. 2019 оны байдлар 16 оронд  экспорт хийсэн байна.

Монголын өвөрмөц гоо сайхны бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх  зорилготойгоор Монголын гоо сайхны салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж Гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгаа зэргээр 27 үйлдвэрлэгч компани, 40 гариу түүхий эд бэлтгэн нийлүүлэгч компаниуд нэгдэн, “Монголын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ –ыг байгуулав. 30 жилийн түүхтэй гоо сайхны салбарын хөгжил хурдацтай явагдаж байгаа хэдий ч үндэсний үйлдвэрлэгчид дотоодын нийт зах зээлийн 2-5% ийг эзэлж байгаа нь өрсөлдөх чадвар, салбарын эрх зүйн орчин, бизнесийн таатай орчинг хөгжүүлэх шаардлагатай.

Тулгамдаж байгаа асуудал

  1. Эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох;
  2. Нарийн шинжилгээ хийх лабораторийг бий болгох;
  3. Малын гаралтай түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  4. Техникийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх.
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам