Хоршооны танилцуулга

  • Хоршооллын хөдөлгөөн XIX зуунд европод (Их британи, Францад) эхэлсэн
  • Өнөөдөр хоршооллын хөдөлгөөнд дэлхийн 94 орны нэг тэрбум гаруй хүн хамрагдаж байна. 
  • Үндэсний нийт бүтээгдэхүүний 3-10 хувийг үйлдвэрлэж байна.
  • Дэлхийн нийт хоршоодын томоохон 300 нь хөгжингүй орнуудын хоршоод байдаг төдийгүй жилийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ 1.1 триллион ам.доллар.
  • Канадад 10 хүн тутмын 1, Герман, АНУ-д 4 хүн тутмын 1, БНХАУ-д 180.0 сая хүн, монголд 200.0 мянган хүн хоршооны гишүүн байна.
  • Дэлхий нийтээр хоршооллын байгууллагууд 10.0 сая ажлын байр бий болгож байна. Монголд 60.0-аад мянган ажлын байр бий болгож байна. 

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 1921 оны 8 сард Сангийн яамны дэргэд хоршоо наймааны хэлтсийг бий болгож, “Хоршооны дүрэм”-ийг боловсруулан баталж, “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй 116 гишүүнтэй хоршоог байгуулсанаар анхны хоршооны суурь тавигдсан түүхтэй. 1940 он гэхэд манай улсын бүх аймаг, сумдад эд хэрэглэгчдийн хоршооны зарчмаар ажилладаг хоршоод бий болж өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1958 оноос хоршоодыг улсын болгон нийгэмчилж, коммун хэлбэрийн төрийн оролцоотой аж ахуйн хэлбэрээр хөгжиж ирсэн. 1990-ээд оноос хоршоод зах зээлийн чиг баримжаатай хөгжиж ирсэн.

Монголын үйл ажиллагаа эрхлэж буй хоршоодын өнөөгийн байдал. ҮСХ-ны албан ёсны статистик мэдээллээс харахад 2018 онд бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт 4477 хоршоо байгаа нь нийт бүртгэлтэй ААН, байгууллагын 2.6 хувийг бүрдүүлж байна. Мөн бүртгэлтэй нийт хоршоодын 61 хувь нь буюу 2732 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа, 19 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй, 23.6 хувь нь үйл ажиллагаа нь түр зогссон, үлдсэн хувь нь үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна.

Ажиллах хүчний нөөцийн байдал нь үйл ажиллагаа явуулж буй 2732 хоршооны дийлэнх хувь нь буюу 88.1 хувийг 9 хүртэл ажиллагсадтай хоршоод эзэлж байхад 11.9 хувь нь 10 болон түүнээс дээш ажиллагсадтай байна.

Салбарын хууль эрх зүй, бодлого.

УИХ-ын 1995 оны 05-р сарын 16-ны өдрийн хурлаар баталсан “Хоршооны тухай” хууль нь 1998 онд шинэчлэн найруулагдаж, 2002, 2004, 2005 болон 2011 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Мөн 2019 оны 11-р сарын 20-ны өдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Хоршооны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн байна. Түүнчлэн хадгаламж, зээлийн хоршоодын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2011 оны 10-р сарын 27-ны өдөр УИХ-аар “Хадгаламж, зээлийн хоршооны тухай” хуулийг баталж, 2015 оны 12-р сарын 04-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

МУЗГ-аас хоршооны салбарыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд гарсан хөтөлбөр, арга хэмжээ:

  • “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-I”ийг 1998 онд Засгийн Газрын 145-р тогтоолоор баталасан (хэрэгжүүлэх үе шат: 1998-2006 он),
  • Засгийн Газраас 2003 оныг “Хоршоог Дэмжих Жил” болгон зарласан,
  • “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”ийг 2009 онд Засгийн Газрын 173-р тогтоолоор баталасан (хэрэгжүүлэх үе шат: 2009-2017 он),
  • “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”ийг 2019 онд Засгийн Газрын 362-р тогтоолоор тус тус баталасан байна (хэрэгжүүлэх үе шат: 2019-2024 он).

Хоршооны үнэт зүйлс

  • Өөртөө туслах: Хоршооны гишүүн бүр өөрийгөө бүрэн хэмжээгээр хөгжүүлж, хоршооны хөгжилд түлхэц болох
  • Өөрийн хариуцлага: Хоршоог хөгжүүлэх, өргөтгөх, төрийн болон хувийн байгууллагуудаас хараат бус бие даасан байдлыг нь хангахыг хариуцна. 
  • Ардчилал: Хоршооны удирдлагын ардчилсан сонгууль, сонгох, сонгогдох эрх, зохих холбоодод элсэх, үйл ажиллагаанд оролцох байдлаар илэрнэ. 
  • Шударга ёс: Ногдол орлого хуваарилалт, үнийн зөрүү хуваарилах, хоршооны бусад үйлчилгээг хүртэхэд гишүүд шударгаар оролцох
  • Тэгш эрх: Үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтанд гишүүд адил эрхтэй байна. 
  • Үнэнч байдал: Гишүүдтэй болон зах зээлийн харилцаанд орохдоо үнэнч байна.
  • Эв санааны нэгдэл: Хоршоодын үйл ажиллагааны хамгийн чухал үнэт чанар бол хамтын хүч, эв нэгдлийн цогц хандлага юм.
  • Нээлттэй байх: Хоршооны хөгжлийн асуудлыг дан ганц гишүүддээ мэдээлж байхаас гадна олон нийтэд нээлттэй байх. 
  • Нийгмийн хариуцлага: Гишүүдээр зогсохгүй хоршоо оршин байгаа нийгмийн сайн сайхны төлөө санаа тавих явдал.
  • Бусдад туслах: Хоршоо оршин байгаа нийгмийн хөгжилд санхүүгийн болон хүмүүнлэгийн хувь нэмэр оруулах

Хоршооны үндсэн зарчим

1995 оны 9-р сард хуралдсан ОУ-ын хоршооллын Алъяансын их хурлаар хоршооллын үндсэн 7 зарчмуудыг дараах байдлаар тодорхойлсон. 

Зарчим №1 Сайн дурын, нээлттэй гишүүнчлэл: Хоршоо бол иргэдийг нас хүйс, нийгмийн байдал, арьс өнгө, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүй, гишүүнчлэлийн хариуцлагыг хүлээх чадвартай, хоршооны үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй хүмүүст нээлттэй сайн дурын гишүүнчлэлийн байгууллага юм. 
Зарчим №2 Гишүүдийн ардчилсан хяналт: Хоршооны үйл ажиллагааны бүхий л үйл ажиллагаа гишүүдийнхээ удирдлага, хяналтан дор хэрэгждэг ардчилсан байгууллага. 
Зарчим №3 Гишүүдийн эдийн засгийн оролцоо: Гишүүн бүр дүрэмд зааснаар хоршоондоо хувь хөрөнгө заавал нийлүүлнэ. Гишүүд хоршооныхоо хөрөнгөнд ардчилсан хяналт тавьж, эзэмшихэд тэгш эрхтэй оролцоно. Хоршооны үйл ажиллагааны үр дүн бий болсон хөрөнгө нь хоршооны дундын өмч болно. Гишүүд хувь оруулсан хөрөнгийнхээ хэмжээгээр болон идэвхи оролцоо, үйлчилгээ авсан байдлаараа ногдол орлого хуваарилуулна. 
Зарчим№4 Хоршооны бие даасан байдал. Хоршоо нь өөрөө өөрийгөө тэтгэх байгууллага бөгөөд гишүүдийнхээ хяналтын дор ажилладаг, гишүүддээ үйлчлэх бие даасан байгууллага юм. 
Зарчим№5 Боловсрол, сургалт, мэдээлэл: Хоршооллыг хөгжүүлэхэд үр дүнтэй хувь нэмэр чадамжтай зүтгэлтэй гишүүд, сонгогдсон төлөөлөл, удирдах ажилтнуудыг сургалт, мэдээлэлд хамруулах, боловсролыг нь дээшлүүлэх
Зарчим №6  Хоршоод хоорондын хамтын ажиллагаа: Хоршоо нь орон нутаг, үндэсний болон бүс нутгийнхаа хүрээнд хамтран ажиллах, хоршооллын хөдөлгөөнийг бэхжүүлэн хөгжүүлэх замаар гишүүддээ илүү өгөөжтэй үйлчилнэ. 
Зарчим №7 Нийгмийн сонирхол: Хоршоо нь гишүүдийнхээ хэрэгцээг хүндэтгэн тэдгээрийн эрх ашгийг тэргүүнд тавьж, нийгмийн дэвшил, хөгжлийн төлөө ажиллана. 

Аж ахуй нэгжүүдийн ялгаа

  Хоршоо Компани Нөхөрлөл
Мөн чанар Гишүүний Эзний Бүрэн хариуцлагатай гишүүний
Зорилго Гишүүдийн орлогыг нэмэгдүүлж амьжиргааг дээшлүүлэх Ашиг олох, ашгаа нэмэгдүүлэх Ашиг олох
Саналын эрх Нэг гишүүн нэг санал Оруулсан хөрөнгийн хэмжээгээр Оруулсан хөрөнгийн хэмжээгээр
Өмч үйл ажиллагаан дахь гишүүдийн оролцоо Дундын /хувь оролцоо/ Заавал Хувийн /хувьцаагаар/ заавал биш Хувийн Заавал биш
Гишүүдийн хариуцлага Оруулсан хөрөнгө, дүрэмд заасан хэмжээгээр нөхөх хариуцлага Оруулсан хөрөнгөөр Оруулсан хөрөнгө, нэг буюу зарим эсвэл бүх гишүүн нь бүрэн хэмжээгээр
Оруулах хөрөнгийн хэмжээ Дүрмээр дээд, доод хязгаарыг тогтооно Хязгаарлахгүй Хязгаарлахгүй
Удирдлага Тэргүүлэгч ба Хяналтыг зөвхөн гишүүдээсээ сонгоно Эзэн удирдана, төлөөлөн удирдах зөвлөлийг сонгоно Аль нэг бүрэн хариуцлагатай нь удирдана
Орлого хуваарилах • Оруулсан хөрөнгө
• Үйлчилгээ авсан байдал
• Хөдөлмөр оролцоо
Оруулсан хөрөнгөнд Оруулсан хөрөнгөнд
Хяналт • Өөрийн
• Хөндлөгийн  
Хөндлөнгийн Өөрийн, хөндлөгийн
Үүсгэн байгуулагчдын тоо 9 ба түүнээс дээш иргэн Хэд ч байж болно 2 ба түүнээс дээш гишүүн

 ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬ 

Хуулийн зорилт

Хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршооны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоршоо, түүний үйл ажиллагааны төрөл

Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хадгаламж, зээлийн хоршоо эрхэлнэ. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо, хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, хадгаламж, зээлийн хоршоодын дундын хоршооны эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Хадгаламж, зээлийн хоршооноос бусад хоршоо Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Хоршоо эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох эрхтэй.

Хоршооллын салбарын бодлогын баримт бичгүүд:

  1. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III /Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоол/
  2. Хоршооны тухай хууль /1998 он/
  3. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого /УИХ-ын 2009 оны 39 дугаар тогтооол/
  4. “Монгол мал” үндэсний хөтөлбөр /УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоол/
  5. ХАА-н гаралтай түүхий эдийн биржийн хууль /2011 он/
  6. Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль /2011 он/

Хоршооны үлгэрчилсэн дүрмийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам