Жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын бодлого

Жижиг, дунд үйлдвэр хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн зорилтын хүрээнд доорх үйл ажиллагаануудыг явуулж байна. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийг тогтворжуулах
  • Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
  • Өрсөлдөх чадварыг сайжруулах
  • Зах зээлийг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
  • Жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэхийг дэмжих
  • Бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах үйлчилгээ 
  • Инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль-д 

5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч
5.1.Дараах нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамааруулна:
5.1.1.“бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
5.1.2.“жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
5.1.3.“дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0--2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг.
5.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн борлуулалтын орлогын хэмжээг тогтоохдоо түүнтэй харилцан хамааралтай этгээдийн борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцно.
5.3.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан ангиллын нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгон зохих ангилалд хамааруулна.
5.4.Аж ахуйн нэгж нь хоёр ба түүнээс дээш чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тэдгээрийн аль нэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанд хамаарч байвал энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй.
5.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан “Харилцан хамааралтай этгээд” гэдэгт Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг ойлгоно.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг 2019-2022 онд хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилт

  1. жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
  2. санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх;
  3. зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх;
  4. инноваци болон байгальд ээлтэй техник, технологийг эрчимтэй нэвтрүүлэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах;
  5. жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх;
  6. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулж, орон нутагт брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бие даасан, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэсэн заалт тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд дараах татварын өөрчлөлт хийсэн. Үүнд:

  1. Бүсийн хөнгөлөлтийн татвар
    Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 550км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар татварт ногдох орлогын албан татварыг чөлөөлөхөөр болсон ба 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс хууль хэрэгжиж эхэлсэн.
  2. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 1 хувийн орлогын албан татвар ногдуулах
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ногдуулах татварыг 90 хувиар хөнгөлөх зохицуулалтыг тусгаж өөрчлөлт хийсэн ба доорх дөрвөн салбарыг хамруулахаар тусгасан. 
    1.    Хүнсний үйлдвэрлэл
    2.    Оёдол, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл
    3.    Барилгын материалын үйлдвэрлэл
    4.    Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл
    Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр боллоо.

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулахдаа дараах хууль, эрх зүйн орчины хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 

  1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /2019/
  2. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль /2012/
  3. Инновацийн тухай хууль /2012/
  4. Компанийн тухай хууль /2011/
  5. Үйлдвэр, технологийн эрх зүйн байдлын тухай хууль /2009/
  6. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /2006 он/
  7. Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль /2006/
  8. Хоршооны тухай хууль /1998/
  9. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоол/
  10. Жагсаалт шинэчлэн батлах тухай /Гаалийн албан татвараас чөлөөлөх ЖДҮ тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл/ Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоол

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг гадаадын төсөл, хөтөлбөрийн  мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам