Салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын  шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухаан технологи, цөм технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

2008-2019 онд ХАА, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан технологийн-112, цөм технологийн-3 төсөл, хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Үйл ажиллагааны тайлан мэдээлэл /2016-2019 он/

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр  2 их сургууль эрдэм шинжилгээ судалгааны  үндсэн 4 хүрээлэн, үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дурдвал ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 5, орон нутгийн салбар 1 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болно. 
  • Манай эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 105 сорт, төмсний 15 сорт, хүнсний ногооны 45 сорт, жимс жимсгэний 18 сорт тус тус бүтээж шалгаруулсан. Үүнээс гадна төрөл бүрийн таримлуудыг тарималжуулж ургуулах 125 технологийн зөвлөмж боловсруулж  үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Судлаачдын боловсруулж баталгаажуулсан үр тарианы сортын 30 хувь, төмсний сортын 100 хувь нь, хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэний 70 хувь нь Монголд тариалагдаж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн таримлын генетик нөөц хамгаалах ажлын хүрээнд 70 гаруй таримал ургамлын 20490 сортын үрийг амьдаар хадгалж байна. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ген банк 30000-35000 сортын үрийг урт болон дунд хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай. Одоогийн байдлаар урт хугацааны хадгалах төхөөрөмжид 10000 сорт дээж, ин-витро цуглуулгад төмсний 60 орчим сорт хадгалагдаж байна.
  • Мал аж ахуйн салбарт адууны 3 үүлдэр 3 омог, тэмээний 4 үүлдэр, 1 үржлийн хэсэг, үхрийн 4 үүлдэр, нутагшсан 4 үүлдэр, нутагшуулж буй 4 үүлдэр, хонины 15 үүлдэр,3 үүлдрийн хэсэг, 2 үржлийн хэсэг, 3 омог,  ямааны 9 үүлдэр, 1 үржлийн хэсэг, 3 омог бий болж баталгаажсан байна. 
  • Сүүний чиглэлийн Альпин үүлдрийн ямааны эрчимжсэн аж ахуйн маллагаа, арчилгаа, үржүүлэг, селекцийн ажил амжилттай хэрэгжиж байгаа ба сүүний чиглэлийн Альпин үүлдрийн 400 гаруй гүн хөлдөөсөн хөврөл, 200 тун үрийг МААЭШХ-ийн Нөхөн үржихүй биотехнологийн лабораторид хадгалгдаж байгаа ба монгол ямааг тээгчээр ашиглан хөврөлийн гаралтай ишиг 12-ийг хүлээн авч, өсгөн бойжуулж байна. 
  • Альпин үүлдрийн ухнаар нутгийн монгол ямааг хээлтүүлж Альпин х Монголын нэгдүгээр үеийн эрлийз ишиг /30 толгой/ гарган авч сүүний шинэ хэвшлийн сүрэг бий болгох ажлын эхлэл тавигдсан байна. 
  • МААЭШХ-ийн Тэжээлийн ургамлын генефондын лабораторид тэжээлийн өндөр ач холбогдолтой ургамлын 2429 дээж /үр/ хадгалагдаж байгаа бөгөөд 2016-2018 оны экспедицээр тус лабораторийг үетэн буурцагтан овгийн нийт 100 гаруй дээжээр баяжуулав. Мөн 1974 оноос өнөөг хүртэл цуглуулсан ургамлын үр дээжүүдийн амьдрах чадварын судалгааг хийж үрийг шинэчлэх, малын тэжээлийн арвин ургацтай сортуудын сорилт, туршилт амжилттай хэрэгжиж байна.
  • МААЭШХ нь Доройтсон бэлчээрийн нөхөн сэргээх технологийн судалгааг БНХАУ-тай хамтран гүйцэтгэж байгаа ба сансрын хиймэл дагуулын мэдээг ашиглан бэлчээрийн ургацын хуримтлал, даацыг тодорхойлох,  бэлчээрийг нөхөн сэргээх технологи боловсруулах, бэлчээрийн даац тохирсон малын тоо толгойг балансжуулах загварыг боловсруулах зэрэг судалааг хийж байна. Тухайлбал:    
  • Доройтсон бэлчээрийн талбайн ургацыг нэмэгдүүлэхээр өндөр уул, ойт хээрийн бүсэд N70   Р12, хээр, цөлөрхөг хээрт N30 Р12 үйлчлэх бодисоор бордоход ургацыг 55 хувиас 3.3 дахин, ургамлын өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих зохицуулах үйлчилгээтэй бодис болон ургамлын эсийн чадавхи, үр боловсролтыг дэмжих  гормоноор шүршиж бордоход 18-41 хувиар нэмэгдэж байна. Ургамлын  өсөлтийг дэмжих зохицуулах үйлчилгээтэй бодис болон гормоны нөлөөг навчны анатомийн бүтцэд оруулсан өөрчлөлтөөр судлаж гаргахад ганд тэсвэрлэх чадвар 12-15  хувиар, бодисын солилцоог идэвхжүүлж фотосинтезын процесст гол үүрэг гүйцэтгэдэг хлоренхимийн эзлэх хэмжээ өссөн ерөнхий зүй тогтолтой байгааг тогтоосон байна.  
  • Хиймэл дагуулын мэдээг ашиглан хоёр орны хээрийн бүсэд ургацыг тооцож ангилахад Монголын талынх дунд ангилалтай хэсэгт гол масс хуримтлагдаж байсан бол Хятадын талынх бага ургацтай ангилалд ихэнхи талбай нь хамрагдаж байна. Хиймэл дагуулын мэдээг ашиглан бэлчээрийн ургац хуримтлалд тулгуурлан бэлчээрийн даац, нөөцийн судалгааг  нарийвчлан тогтоож, малын тооны балансыг тохируулах загвар боловсруулах боломжтой юм.
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Шинжлэх ухаанд 4 шинэ нээлт хийж,  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2, Япон улсын 2,  үндэсний 120 гаруй патентыг тус тус эзэмшиж байгаагаас гадна Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальтай 3 эм, бэлдмэл, Монгол улсын төрийн соёрхолыг 6 бүтээл хүртсэн байна.  
  • Монгол Улсын хэмжээнд нийт 34 гарааны компани байгуулагдсанаас хөдөө аж ахуйн салбарт 23 гарааны компани байгуулагдсанаас 10 компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд нийтдээ 30 гаруй инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ 

  • Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэхэд олон талын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх.
  • Судалгаа ба хөгжлийн ажлын үр дүнг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр инновацийн зуучлал, мэдээлэл, маркетингийн тогтолцоог хөгжүүлэх,  талуудын оролцоог хангах. 
  • Инкубатор, загвар аж ахуй, агро парк байгуулахад дэмжлэг үзүүлэх.
  • Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн  төслүүдийг хэрэгжүүлж, үр дүнгийн талаар  үйлдвэрлэгч олон нийтэд мэдээлэл хүргэх, бүтээлүүдийн үр дүнгийн нэгдсэн сан бүрдүүлэх.
  • Оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл,  нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах.
  • Судалгаа хөгжлийн ажлын үр дүнг жижиг дунд үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд болон эрдэм шинжилгээний  байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллахад  дэмжлэг үзүүлэх.  
  • Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, нутагшуулсан жижиг дунд үйлдвэрүүдийн судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан зардлын тодорхой хувийг нөхөн олгох боломжийг бүрдүүлэх. 
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг холбогдох байгууллагуудтай хамтран салбарын бодлого зорилттой уялдуулан шинэчлэн тодорхойлох.
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлага, бүтэц зохион байгуулалт, харьяаллыг боловсронгуй болгох чиглэлээр асуудал боловсруулж холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.
  • •    Эрдэмтэн судлаачдын хүрээг өргөжүүлэх, судалгаа хөгжлийн ажлын багтаамж, агуулгыг гүнзгийрүүлэх чиглэлээр арга хэмжээ авах.
  • •    Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны материаллаг бааз /лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж/ -ыг бэхжүүлэх, хангамжийг сайжруулах.
  • •    Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх бэхжүүлэх, идэвхжүүлэх 
     
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам