Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ  ТАНИЛЦУУЛГА

НЭГ. ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Үндсэн зорилтууд

  • Салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ. 
  • Арилжаалагдах чадамжтай шинэ мэдлэг, технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инкубатор, загвар аж ахуй, агропарк байгуулахад хөхүйлэн дэмжинэ.
  • Нээлттэй лабораторид суурилсан био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулж  удирдлага бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. 
  • Хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах, бодлогын удирдамжаар хангана.

Үйл ажиллагаанд мөрдөх хууль эрхзүйн актууд

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хууль
  • Инновацийн тухай хууль
  • Технологи дамжуулах тухай хууль
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр
  • Салбарын бусад хууль тогтоомж, эрхзүйн актууд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр: 

  • Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний /экстэйншны/ хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх.
  • Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэхэд олон талын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх.
  • Судалгаа ба хөгжлийн ажлын үр дүнг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр инновацийн зуучлал, мэдээлэл, маркетингийн тогтолцоог хөгжүүлэх,  талуудын оролцоог хангах.

Шинжлэх  ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр:

  • Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, нутагшуулсан жижиг дунд үйлдвэрүүдийн судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан зардлын тодорхой хувийг нөхөн олгох боломжийг бүрдүүлэх. 
  • Инкубатор, загвар аж ахуй, агропарк  байгуулахад дэмжлэг үзүүлэх.
  • Салбарын хөгжил, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий  шинжлэх ухаан, технологийн болон инновацийн  төслүүдийг хэрэгжүүлэх, нутагшуулах, үр дүнг  үйлдвэрлэгчдэд мэдээлэх, түгээх.
  • Био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжэээг нэмэгдүүлэх.
  • Шим, тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх ба судалгааны дүнд суурилан зохицуулах үйлчилгээтэй хүнсийг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх.
  • Судалгаа хөгжлийн ажлын үр дүнг жижиг дунд үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд болон эрдэм шинжилгээний  байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллахад  дэмжлэг үзүүлэх.  
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхижуулах, судалгааны материаллаг бааз /лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж/ -ыг бэхжүүлэх, хангамжийг сайжруулах. 

ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 

Яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заагдсан үүрэг: 

  1. Салбарт хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн болон цөм технологийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг жил бүр тодорхойлон, салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж БСШУСЯ-д хүргүүлэх.
  2. Салбарт хэрэгжиж дууссан болон хэрэгжүүлж буй төслийн явцтай танилцаж үр дүнд мониторинг хийх ажлыг жилд 2 удаа зохион байгуулж үр дүнд үнэлгээ өгөх.
  3. Салбарт хэрэгжүүлж дууссан төслийн үр дүнд жил бүр үнэлгээ хийлгэж, шинжээчдийн үнэлгээнд салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.  

Үйл ажиллагаа: 

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах зорилгоор зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн боловсруулж Сайдын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-58 дүгээр тушаалаар батлуулсан бөгөөд байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус зөвлөл нь салбарт хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлон хэлэлцэж төслийн захиалгыг БСШУСЯ-д хүргүүлдэг. Мөн салбарт хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан, технологийн болон цөм технологийн төслийн үр дүнг хэлэлцэн хүлээн авах асуудлыг шийдвэрлэж байна. Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдааныг 2016 онд 3, 2017 онд 4, 2018 онд 4, 2019 онд 4 удаа тус тус зохион байгуулж шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. 
  2. Түүнчлэн салбарт хэрэгжүүлж буй, хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан, технологийн болон цөм технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах “Мониторинг-2016, 2017, 2018, 2019”  арга хэмжээг зохион байгуулсан болно.
  3. Салбарын эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг дэмжих зорилгоор “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох” журмыг  Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-36 дугаар тушаалаар шинэчлэн батлуулж журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дээрх журмын дагуу бүтээлийн шалгаруулалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” Сайдын 2019 оны А-315 дугаар тушаалаар 5 бүтээлийг шалгаруулж  “Сайдын нэрэмжит грант”-н эздийг тодруулсан болно. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг яамны вэб хуудсанд тухай бүр байршуулсан. 
  4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор олон талын оролцоот “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016”,  “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018”  Үндэсний чуулгануудыг зохион байгуулсан. 

Салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр

  1. Сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурал зохион байгуулах, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, салбарын сайдад мэдээлэл, санал, зөвлөмж хүргүүлэх.
  2. Эрдэмтэн судлаачдын судалгаа хөгжлийн ажлыг дэмжих зорилгоор Сайдын нэрэмжит “Грант”-ын шалгаруулалтыг зохион байгуулах. 
  3. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд олон талын оролцоот /эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиуд/ үндэсний хэмжээний чуулганыг 2  жил тутам зохион байгуулах. 
  4. Салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажил, салбарт хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс гарсан бүтээлийн улсын болон олон улсын хэмжээний үзэсгэлэнг 2 жил тутамд зохион байгуулах.
  5. Салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн болон экстейншны үйл ажиллагааг сайжруулах, эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд зөвлөлдөх уулзалт, онол практикийн бага хурал, зөвлөгөөн зэрэг олон талын оролцоот үйл ажиллагааг зохион байгуулах.
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам