Бэлчээрийн усан хангамж

ХХААХҮ-ийн яам бэлчээрийг усжуулах ажлыг малчдын зун, намрын, түүнчлэн одоо ашиглагддаггүй болон бага ашигладаг бэлчээр, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээр нутагт тухайн сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, ургамал хамгааллын  арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулж  байна.

Яам нарны эрчим хүчийг 2020 оноос бэлчээр усжуулалтын арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байна. Арга хэмжээний нэгдүгээр үе шатанд Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор аймгийн олон жилийн цэвдэг бүхий бэлчээрийн худагт нарны эрчим хүчийг ашиглан газрын гүн дэх цэвдэг хөрсийг гэсгэлэн байдалд оруулж усыг ашиглахад хэрэглэхээр, хоёрдугаарт говийн болон тал хээрийн аймгуудад нарны эрчим хүчээр ажилладаг  ус шахуургатай  худгийг шинээр барьж байгуулна.

Нарны эрчим хүчийг газрын гүнээс ус татах  ажилд ашиглах арга, технологийн туршилт бүрэн хийгдсэн, мал  аж ахуйн салбарт нэвтэрсэн. Дээрх хоёр  арга хэмжээг авч хэрэгжүүлснээр говийн болон тал хээр, өндөр уулын олон жилийн цэвдэгтэй бүс дэх бэлчээрийн усан хангамжийг шийдвэрлэх боломж бүрдэнэ.  

2016-2019 онд шинээр барьж байгуулсан худгийн тоо  

Хөрөнгийн эх үүсвэр 2016 2017 2018 2019 нийт
Улсын төсөв 42 110 191 57 400
Гадаадын төсөл,хөтөлбөр 27 35 26 60 148
Орон нутаг 259 213 206 297 975
малчдын өөрийн санаачилгаа 354 319 296 219 1188
Сэргээгдэх эрчим хүчээр гаргасан худаг 32 37 3 3 75
Нийт 714 714 722 636 2786

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах талаар 2020 онд хийгдэж буй ажлууд

Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа  хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд  улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн  хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 241 суманд 582 худгийг шинээр байгуулах, 184 худгийг сэргээн засварлах,  126 булаг тохижуулах, 9 хөв цөөрөм байгуулах  ажлыг зохион байгуулж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Булган,Говь-Алтай, Завхан, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын 200 гаруй бэлчээрт уст цэг тогтоох газар доорх усны хайгуулын  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлын гүйцэтгэлийг хүлээн авч эхлээд байна. Ингэснээр  бэлчээрт шинэ худаг барьж байгуулах усан хангамжийг  нэмэгдүүлэх болмжийг бүрдүүлж байна.

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 аймаг отрын бүс нутагт инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргаж, 80 бэлчээрийн талбайд уст цэг тогтоох хайгуулын ажлыг гүйцэтгүүлж  тайланг хүлээн аваад байна.  

Мөн НҮБ-ын “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн нэмэлт санхүүжилт”-ийн төслөөс Архангай, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн 87 суманд 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 165 худаг шинээр гаргаж ашиглалтад оруулах ажлыг аймаг, орон  нутаг, гүйцэтгэгч нартай хамтран  зохион байгуулж байна.     

 

 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам