Бэлчээрийн ургамал хамгаалал

Ажлын үндэслэл, шаардлага:

Монгол орны тал хээрийн бүс нутгийн 17 аймгийн 38.6 сая га талбайд үлийн цагаан оготны тархалт хувийн байх хэмжээнээс хэтэрсэн бөгөөд энэ нь нийт бэлчээрийн 34.46 хувийг эзэлж бэлчээрийн даацыг доройтуулж байна.

Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтад ийнхүү нийт нутаг бэлчээрийн 30 гаруй хувьд тархсан нь дараах 2 үндсэн шалтгаантай байна. Үүнд:

  • Цаг уурын дулаарлын нөлөөгөөр хөрсөн дээр +10ºС-ээс их температуртай байх хоногийн тоо нэмэгдсэн
  • Бэлчээрийн ургамлыг хэт ачаалалтай ашиглаж байгаа нь үлийн цагаан оготны үржлийн биологийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн

Эдийн засгийн тооцооллоор нь авч үзвэл манай орны 38.6 сая бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно жилд 4.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх бэлчээрийн ургамлын нөөцийг идэж бэлчээрт ихээхэн  хохирол учруулж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан нь мал сүргийг тэжээлээр хангах гол нөөц болох бэлчээрийн ургамлыг хамгаалах үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм. Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь  Ургамал хамгааллын тухай хуулийн хүрээнд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.4.1.6-д тусгагдсан “Бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтад, шавжтай байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглан тэмцэх” гэсэн зорилт, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг өргөн хүрээтэй, бүх нийтийн оролцоотой зохион байгуулдаг. 

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг микробиолоийн болон энгийн механик биологийн аргаар 2020 оны 4-6 дугаар сарын хооронд улсын төсвийн 4.713 тэрбум, царцаатай тэмцэх арга хэмжээг химийн аргаар 6-7 дугаар сард 231 сая төгрөгийн санхүүжилтээр тус тус хэрэгжүүллээ.

Энэ ажилд нийт 20 аймгийн 195 сум, 4 аймаг дундын отрын бүс нутгийн 2.23 сая га бэлчээрийн талбай хамрагдаж мэрэгч амьтан, шавжны хөнөөлөөс хамгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж ажиллав. Ингэснээр эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан нийт тэмцэх шаардлагатай талбайн 15.47 хувьд тэмцэх ажил хийгдсэн байлаа. Бэлчээрийн ургамал хамгааллын ажлын 2020 оны гүйцэтгэл нь өмнөх оноос 600 мянган га, сүүлийн 10 жилийн дундажаас 1.0 сая га талбайгаар тус тус нэмэгдээд байна.

Бэлчээрийн ургамал хамгааллын 2020 оны ажилд нийт 1.6 сая га бэлчээрийн талбай хамрагдаж 27.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготно, царцааны хөнөөлөөс хамгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж ажиллав.

Мэрэгч амьтан, шавжны бэлчээрт учруулах хөнөөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгө 1.3 тэрбум төгрөг болж өссөн нь нутгийн удирдлага, малчид иргэдийн бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээх сонирхол дээшилж бэлчээрийн үнэ цэнийг ойлгож байгаагийн бодит илрэл болж байна.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам