Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70.9 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 4.2 сая толгой буюу 6.3 хувиар өслөө.

Монгол улсын малын  тоо /мян. толгой /

  Малын төрөл 2000 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019*
Тэмээ  322.9  254.2 269.6 280.1 260.5 321.5 349.3 368.0 401.3 434.1 459.7 472.4
Адуу  2660.7  2029.1 1920.3 2112.9 2239.2 2619.4 2995.8 3295.3 3635.5 3939.4 3940.1 4213.8
Үхэр  3097.6  1963.6 2176.0 2339.7 2425.9 2909.5 3413.9 3780.4 4080.9 4388.2 4380.9 4751.6
Хонь  13876.4  12884.5 14480.4 15668.5 16990.1 20066.4 23214.8 24943.1 27856.6 30108.0 30554.8 32258.7
Ямаа  10269.5  13267.4 13883.2 15934.6 18347.8 19227.6 22008.9 23592.9 25574.9 27346.1 27124.7 29253.4
Бүгд  30227.5  30398.8 32729.5 36335.8 40263.5 45144.3 51982.6 55979.8 61549.2 66215.8 66460.2 70979.9

Манай улс 1918 оноос эхлэн малаа тоолж эхэлсэн бөгөөд тэмээнээс бусад төрлийн малын тоо 2019 онд дээд хэмжээндээ хүрлээ. Тэмээний хувьд 2019 онд 472.4 мянган толгой тоологдсон нь 1954 онд тоологдож байсан 895.3 мянган толгойгоос 1.9 дахин бага байна.

Малын тоо 2019 онд 5 төрөл дээрээ өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувиар, үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувиар, тэмээ 12.7 мянган толгой буюу 2.8 хувиар, хонь 1.7 сая толгой буюу 5.6 хувиар, ямаа 2,1 сая толгой буюу 7,8 хувиар тус тус өссөн байна.

Мал сүргийн бүтэц

2019 оны мал тооллогоор нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.2 хувь, үхэр 6.7 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Сүүлийн 27 жилийн хугацаанд мал сүргийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзэхэд, ямааны эзлэх хувь 21.5 пунктээр өсч, харин хониных 12.9 пункт, үхрийнх 4.4 пункт, адууных 2.8 пункт, тэмээнийх 1.4 пунктээр буурчээ.

Дөрвөн бог мал тутмын гурав нь хонь, нэг нь ямаа гэсэн харьцаатай өсгөн үржүүлж ирсэн олон жилийн уламжлалыг сүүлийн 19 жилийн дунджаар авч үзэхэд 2 хонь 2 ямаа гэсэн харьцаатай болж өөрчлөгдсөн байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6сая 166 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 037 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой, Төв аймаг 4 сая 978 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867мянган толгой мал тоолуулж, эхний 5 байрт орсон байна.

Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ. Булган, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймаг малаа 5 төрөл дээр өсгөсөн байна. Энэ онд 23.1 сая толгой эх мал төллөж 22.4 сая толгой төл хүлээн авлаа. Мөн 606.1 мянган том малын зүй бусын хорогдолтой байсан нь оны эхний нийт малын 0.98 хувийг эзэлж хэвийн өнгөрлөө.

 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам