Бэлчээрийн хүрэлцээ, хангамж

Манай улс өндөр уул, хангай, хээр, говь бүс хосолсон 110.3 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай нийт 112.0 сая га бэлчээр, хадлангийн талбайтай. Энэ нь хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 97 хувийг эзэлдэг бөгөөд 52.0 сая га-г өвөл, хаврын улиралд 60.0 сая га-г зун намрын улиралд тус тус ашиглаж байна.

Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 169.7 мянган малчин өрх 70.9 сая толгой малаар байгалийн нөөц бэлчээрийг ашиглан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.

Бэлчээрийн газрын ангиллаас хот суурин газрын дэд бүтэц, уул уурхайн ашигт малтмал, газар тариалан зэрэг өөр ангилалд шилжих, үерийн усны эвдрэлд орох, элсний нүүдэл зэргээс шалтгаалан бэлчээрийн талбайн хэмжээ багассаар байна.

Өнөөдрийн байгаа бэлчээрийн талбайн хэмжээг 1964 оныхтой харьцуулан үзэхэд бэлчээрийн талбай 10.1 сая га-гаар багасаад байна.

Манай малчид бэлчээрийг жилийн 4 улирлаар нүүдэллэн хуваарьтай ашиглаж экологийн тэнцвэрт байдлыг хадгалан бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгалийн эрсдэлээс хамгаалж ирсэн мал маллагааны уламжлалт аргатай. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл /малчид нэг газарт удаан хугацаагаар нутагладаг болсон, бэлчээрт хөнөөл учруулдаг хортон, мэрэгчдийн тоо хэт олширсон, малын тоо бэлчээрийн даацаас хэтэрсэн/-ийн нөлөөнөөс болж бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, ургац буурч бэлчээр талхлагдсанаар байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж цөлжилт эрчимтэй явагдсаар байна.

Байгалийн эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор өнөөдрийн байдлаар улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 нөөц нутагт 783.3 мян. га, орон нутгийн тусгай хэрэгцээний сумын отрын нөөц нутагт 5.4 сая га бэлчээрийг холбогдох төрийн байгууллагын тогтоол, шийдвэрээр авч цаг хүндэрсэн үед малчид, малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах арга хэмжээг зохион байгуулж, мал аж ахуйн салбарын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, малын зүй бус хорогдлыг бууруулахаар ажиллаж байна.

 

БЭЛЧЭЭРИЙН ХҮРЭЛЦЭЭ 2019 ОН

Аймаг Нийт бэлчээр нутгийн хэмжээ /сая га/ Сум дундын отрын бүс нутгийн хэмжээ /мян га/ Өвөлжөө, хаваржааны эзэмших гэрчилгээтэй малчин өрхийн тоо /мян/ Хадлангийн талбайн хэмжээ /мян.га/
1 Архангай 3.73 121.0 8500 53.9
2 Баянхонгор 3.67 - 8778 11.5
3 Баян-Өлгий 8.73 - 6500 10.4
4 Булган 2.48 133.8 8287 111.9
5 Говь-алтай 7.97 434.3 7251 2.5
6 Говь-сүмбэр 0.47 3.1 441 7.8
7 Дархан-Уул 0.17 - 135 9.0
8 Дорнод 9.24 111.2 3202 0.1
9 Дорноговь 8.96 286.8 2595 811.2
10 Дундговь 7.16 6.4 4134 0
11 Завхан 7.20 2.8 4752 7.7
12 Орхон 0.04 - 120 1.4
13 Өвөрхангай 5.69 90.0 10400 6.6
14 Өмнөговь 10.13 3030.0 6556 0.03
15 Сүхбаатар 7.20 702.0 64 79.1
16 Сэлэнгэ 1.62 - 2953 123.3
17 Төв 5.27 159.4 8504 61.0
18  Увс 4.70 - 3590 16.8
19 Ховд 5.40 4.5 4496 17.7
20 Хөвсгөл 4.50 245.0 9826 48.2
21 Хэнтий 5.50 109.0 3055 326.0
22 Улаанбаатар 0.43 - - 5.5
  Нийт дүн 110.30 5439.3 104139 1.7 сая.га

 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам