Үр тарианы үйлдвэрлэл

2020 онд улсын хэмжээгээр  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн  тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна./2020 оны ургацын урьдчилсан балансыг хавсаргав./

Урьдчилсан балансаас харахад улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувиар тус тус хангах боломж бүрдэж байна.

Энэ жилийн хувьд 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод  сөргөөр нөөлөөлсөний зэрэгцээ  6 дугаар сард тариалангийн ихэнх бүс нутгаар 7-14 хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо 07 дугаар сарын 05-наас эхлэн 08 дугаар сарын 20-ныг хүртэл их бага хэмжээгээр тасралтгүй орж байгаагаас зарим бүс нутгуудад таримлын болц оройтох, хяруунд өртөх магадлал үүсэж болзошгүй байгаа тул гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх буудайн хэмжээг 20 хувиар бууруулан тооцсон болно.

Энэ жилийн хувьд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Увс, Дорнод аймгийн таримлын ургац бүхэлдээ хэвийн жигд сайн байгаа бол Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Завхан, Сүхбаатар аймгийн ургац нарны хэт их халалт, гангийн улмаас бага зэрэг буурахаар байна. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндөрийн улмаас Сэлэнгэ, Төв, Дорнод аймагт нийтдээ 3.8 мянган га талбайгаас ургац хураах боломжгүй болсон бол болц дутуу байгаагаас 7.2 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарч байна.   

Нийт хураах талбайн 60-70 хувь нь  таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байгаа бөгөөд  7, 8  дугаар сард орж байгаа үргэжилсэн их борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамалын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул  ургац хураалтад хүндрэл учруулж  болзошгүй байна.

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болоод байна.  Энэхүү техникийн  хүчин чадлаар ургац хураалтын ажлыг технологийн 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 5 байршилд байгаа 146.0 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болгоод байна.  

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн бөгөөд Төмөр замын Улаанбаатар өртөөний  баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тариаланчдад олгох хүүгийн хөнгөлөлттэй 150.0 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой судалгааг гаргаж Хөгжлийн банкинд хүргүүлж зээл олголтыг шуурхайлах арга хэмжээг үе шаттай  авч хэрэгжүүлснээр ХААН банк,  Төрийн банк,  Голомт банкаар дамжуулан  жилийн 3 хувийн хүүтэй зээл олголт эхлээд байна..

Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байна.   
    
Гурилын балансын талаар

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 487.6 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2021 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 42.0 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 22.0 мянган тонн, тэжээлд 17.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 7.8 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлсэнээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 398.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Гэхдээ таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан урьдчилсан балансаар гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх боломжтой 398.0 мянган тонн буудайн хэмжээг 20 хувь буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцвол гурил үйлдвэрлэлд 318.4 мянган тонн буудай нийлүүлэгдэхээр байна.  

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч байна.

А. Буудайн хуваарилалт 

  1. Хураан авсан ургац /цэвэр жингээр/ - 487.6 мян/тн
  2. Дараа онд тариалах үрэнд /ААН, иргэд/ - 42.0 мян/тн
  3. Улсын үрийн нөөцөд - 22.0 мян/тн
  4. Тэжээл үйлдвэрлэлд - 17.6 мян/тн
  5. Спиртийн үйлдвэрт - 7.8 мян/тн
  6. Гурилын үйлдвэрт - 398.0 мян/тн

Б. Гурил үйлдвэрлэлт, хангалт

  1. Ургацаас авах буудай - 398.0 мян/тн
  2. Цаг агаарын төлөв, ургацын чанартай холбоотойгоор нийлүүлэгдэх буудайн хэмжээг 20 хувиар бууруулж тооцсон - 318.4 мян/тн
  3. Хөдөө аж ахуйн дэмжих сангийн буудайн үлдэгдэл - 0.0 мян/тн
  4. Таваарын буудайн нөөц - 318.4 мян/тн
  5. Хүн амын хэрэгцээт гурил - 230.2 мян/тн
  6. Шаардагдах буудай - 306.0 мян/тн
  7. Дутагдах буудай - 0 мян/тн
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам