Жимс, жимсгэний үйлдвэрлэл

Жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах, импортыг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулан экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Жимс жимсгэнэ” хөтөлбөр Засгийн газрын 2017 оны 223 тогтоолоор батлагдан 2 дахь жилдээ хэрэгжиж байна. 

ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны 07 дугаар 25-ны өдрийн А-128 дугаар тушаалаар  хөтөлбөрийн хүрээнд 2018-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан 2019 онд дараах арга хэмжээг зохион байгуулав. 

1. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх;

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалагчдын улсын анхдугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотод 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнд 22 аймаг, нийслэлийн 400 гаруй ногоочид жимсчид оролцож жимс жимсгэний талаар төрөөс баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулав.  

2019 оны 10 дугаар сарын 24 –ны өдөр Монголын жимс жимсгэний холбоо, ХААИС-тай хамтран “Атар-60 –Жимс жимсгэнэ судлал” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Бага хуралд 60 гаруй эрдэмтэн судлаач оролцож 20 гаруй судлаачийн эрдэм шинжилгээний ажлаар илтгэл тавигдаж хэлэлцүүлсэн ба эхмтгэлийг ХАА-н шинжлэх ухааны академийн сэтгүүлийн тусгай дугаар ном болгон 300 хувь хэвлүүлж нийтэд түгээв.

Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн “Монгол улсын жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” ТСР/МON/3605 төслийн хүрээнд Монголын жимс жимсгэний үндэсний холбоогоор ”Монголын жимс жимсгэний салбарын стратегийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл,  ”Мезо уур амьсгалын зураглал ба тохиромжийн зэрэглэл” судалгааны ажлыг гүйцэтгүүлэв.  Төслийн хаалтын семинарыг 9 сарын 18-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулав.

Чацаргана, жимс жимсгэний салбарын үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцаа холбоо, мэдээллийн солилцоог бий болгох зорилгоор энэ чиглэлээр ажиллаж байгаа олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгчид, боловсруулагчид, зөвлөх компаниуд, тариалагчдын төлөөлөл нийт 33 оролцогч оролцсон уулзалтыг зохион байгуулж хамтын ажиллагаагаа цаашид уялдуулан ажиллахаар тохиролцов. 

Булган аймагт хэрэгжүүлж буй Шинэ хөдөө төслийн хүрээнд 239.2 сая төгрөгийн санхүүжилтээр 7 суманд тус бүр  10 га талбай бүхий нийт 70 га талбайд жимс жимсгэний дуслын усалгааны төхөөрөмж нийлүүлж суурилуулав. Тус төслийн хүрээнд сүүлийн 2 жилд 8 суманд жимст цэцэрлэгийн талбай байгуулан нийт 50 мянган ширхэг чацаргана, 15.0 мянган ширхэг үхэр нүдний суулгац зээлээр олгон тариалуулж 11 сумын 150 га чацарганы талбайд орчин үеийн дэвшилтэт дуслын усалгааны систем суурилуулж усалгаажуулав. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хөдөө орон нутагт жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой ажлууд хийгдэж бусад аймгуудад хэрэгжиж боломжтой загвар төсөл гэж тус яамнаас сайшаан үнэлэв. 

Хүлэмжийн жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 324 дүгээр тогтоол гарган жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд өвлийн хүлэмжийн цахилгааны  хэрэглээнд 100 хувь хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлүүлсэн. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2020 онд улсын төсөвт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулсан ба 19 аймаг, нийслэлийн 125 хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гарган Эрчим хүчний яаманд хүргүүлж хөнгөлөлтийг 2020 оны 01 сараас тооцон олгож эхлэв.

 Сүүлийн жилүүдэд хүлэмжийн жимсний тариалалт эрхлэх эхлэл санаачилга идэвхжиж байна. Тухайлбал Төв аймгийн Борнуур сумын “Эко урьхан” ХХК, Баянхангай сумын Багжакс ХХК БНХАУ-аас  усан үзмийн 15060 ш суулгац импортлож тариалсан бол Төв аймгийн Атрын шим ХХК үсан үзмийн 50 кг ургац хурааж авав.

2. Нутагшсан сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлэх;

“Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд улсын төсвийн 147.4 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр cуулгац үржүүлэх болон хүнсний ногоо тариалах 120 м2 талбай бүхий 38 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж нийлүүлэв. Үүний үр дүнд суулгац үйлдвэрлэл 200.0 мянган ширхэгээр, хүлэмжийн талбай 3360 м2-аар нэмэгдэх боломж бүрдүүлэв.

Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэний суулгац үржүүлгийн төвийг анх удаа байгуулав. Энэхүү ажлын хүрээнд Булган суманд 3.2 км услалтын систем байгуулан 1500 ширхэг жимс жимсгэний мод тариалж суулгац үржүүлгийн эх цэцэрлэг байгуулан, 1000 ширхэг бургасаар ойн зурвас байгуулав. Жаргалант суманд 10 га талбайд бетонон суурьтай төмөр торон хашаа, сургалтын байр, 2 ширхэг нарлаг хүлэмж байгуулж, 1 иж бүрдэл трактор, хөргүүртэй контейнер нийлүүлсэн ба цахилгаан, услалтын системийн толгойн барилга, усалгааны сувгийн ажлыг гүйцэтгэж 2020 онд суулгац үржүүлгийн эх цэцэрлэг байгуулах бэлтгэл хангагдав. 

Тус яамны захиалгаар улсын төсвийн 120 сая төгрөгийн санхүүжилтээр “Жимсний селекцийн судалгаа, ирээдүйтэй  сортын суулгац үржүүлэг”  ШУТ-ийн төслийг  Дархан-уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнд 2 дахь жилдээ хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд Монгол орны хөрс цаг уурын  нөхцөлд  зохицсон байгалийн  жимс жимсгэний дээж хэлбэрүүдэд   сонголт  хийж, хүссэн шинж тэмдэг бүхий  шинэ хэлбэрүүдийг шалгаруулах шинэ сорт гаргах бэлтгэл хангах, нутагшсан сорт шалгаруулах, баталгаажсан сортын суулгац  үржүүлэх ажлыг бүсчилэн хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ба жимс жимсгэний 0.5 га  генофондын  талбай шинээр байгуулав. Энэ талбарт алим, чавга, интоор, лийр, ирга, үхэр нүд, гүзээлзгэнэ, далан хальс, улаалзгана зэрэг 9 төрлийн жимс жимсгэний 23 сортын 596 ширхэг мод, бут, байгалийн чацарганы 23 хэлбэрийн үр суулгац тариалж нарийвчилсан судалгаа явуулж байна. Мөн 7 төрлийн жимс жимсгэний 5877 ширхэг нутагшсан сортын суулгацыг үржүүлж зах зээлд нийлүүлээд байна.

Өмнөговь аймаг Дархан-Уул аймгийн УГТХүрээлэн, ХААИС-тай хамтран жимс, жимсгэний туршилтын талбайг бий болгон 130 ширхэг жимсний модны суулгацыг тарьж эх цэцэрлэг байгуулан эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлууд хийгдэж эхлэв.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийн “Чацаргана” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн шавьж баригч наалтын цехийг нийлүүлж Ургамал хамгааллын хүрээлэнд суурилуулав. 2019 онд цехийн үйл ажиллагааг эхлүүлэн туршилтын журмаар 1000 ширхэг наадаг цаас үйлдвэрлэн органик жимс жимсгэний тариалалтын технологи боловсруулах туршилт судалгааны ажлыг эхлүүлэв. 2020 онд 10.0 мянган ширхэг цаас үйлдвэрлэх түүхий эд, материалыг төслийн санхүүжилтээр нийлүүлэхээр шийдвэрлэсэн ба цаашид борлуулалтын орлогоос үйл ажиллагааны зардлыг нөхөн тогтвортой ажиллах боломж бүрдэв. 

3. Жимс, жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах;

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2019 онд Мон-адонис ХХК-ийн “Жимс жимсгэний хуурай ханд үйлдвэрлэх” төсөлд 155.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ба  Улаанбаатар хотод БНСУ-ын хөрөнгө оруулалт, санхүүжилттэй “Ногоон Ази-сүлжээ” ТББ жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэв.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Их говийн төгөл" ХХК-д орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 275.0 сая төгрөгийн зээл олгож  жилд  40 тн шүүс ундаа, 100 литр чацарганы тос үйлдвэрлэх хүчин чадалтай "Чацаргана боловсруулах" цех ашиглалтанд оруулав. 

Азийн хөгжлийн банкны буй “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийн “Чацаргана” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 945.3 сая төгрөгийн өртөг бүхий чацарганы үрийн тосыг орчин үеийн өндөр технологийн нүүрсхүчлийн хийгээр хандлах аргаар ялгаж авах тоног төхөөрөмжийг нийлүүлж ШУТИС-ын Техник, технологийн туршилт судалгааны төв дээр суурилуулан олон улсын стандартад нийцсэн үрийн тосыг гарган авч судлах, олон улсад баталгаажуулах, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв. Энэхүү цехийн туршилтын ажлыг эхлүүлж Хаан жимс ХХК-ийн чацарганы үрийг туршилтын журмаар боловсруулан үрийн тос гаргаж дээжийг олон улсад шинжлүүлж байна. 

Тус төслийн хүрээнд “Чацарганы бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгаа”-ны ажлыг Бодлогын шийдэл ТББ-тай гэрээ байгуулан Тайвань, Япон, БНСУ-ын чацарганы зах зээлийн судалгааг гүйцэтгүүлэн эмхтгэл гаргаж чацаргана боловсруулах үйлдвэрүүдэд танилцуулав. Мөн Хаан жимс ХХК –ын чацарганы бүтээгдэхүүнийг FOODEX JAPAN-2019 үзэсгэлэнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба бүтээгдэхүүн нь шилдэг бүтээгдэхүүнийн шагнал авав. 

“Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарын харьцуулсан судалгаа”-ны гэрээг Хими, хими технологийн хүрээлэнтэй байгуулан манай оронд нутагшсан чацарганы сортуудын  6 дээж, Завхан, Ховд, Увс аймгийн 6 сумдын байгалийн чацарганы нутгийн хэлбэрүүдийн 8 популяцаас нутгийн 7 газраас нийт 21  хэлбэрийн дээжийг 9 сарын 12-наас 23-ны хооронд түүж судалгаанд хамруулаад байна. Мөн бүтээгдэхүүний чанарын судалгаанд  “Хаан Жимс Эс Би Ти”, “Ю-Эф-Си Трейд”, “ЕДЕН”, “Увс хүнс” зэрэг  ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг “Емарт”, “Номин их дэлгүүр”-ээс  худалдан авч судалгаанд хамруулж байна.

“Чацаргана боловсруулах үйлдвэрүүдэд хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээг Обзерв стар ХХК-тай байгуулан төсөлд оролцсон чацаргана боловсруулах 8 үйлдвэрүүдэд олон улсын чанарын удирдлагийн тогтолцооны талаар цогц сургалт явуулж тус сургалтанд идэвхитэй оролцож дотоодын батлгаажуулалтаар хангалттай үнэлгээ авсан "Еден" ХХК, "Увс Хүнс" ХК-д олон улсын баталгаажуулалтын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэн ISO 9001  чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ авах шаардлага хангуулав. 

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын худалдааг дэмжих” ТRAM  төслийн хүрээнд “Чацарганы кластер байгуулах” төсөл хэрэгжүүлж чацарганы кластерт оролцогчдыг бүртгэлжүүлэн хамтын санамж бичиг байгуулан, удирдах зөвлөлийг сонгож хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргав. 2020 оны 1 дүгээр сард Герман улсад зохиогдсон Green week хүнсний бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнд тус төслөөс 11.0 мянган еврогийн санхүүжилт зардал гарган стенд түрээслэж чацаргана боловсруулах 4 үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оролцуулж олон улсад сурталчлав.

Монголын жимс жимсгэний үндэсний холбоотой хамтран “Чацаргана ба бусад жимс жимсгэний тариалалт, арчилгаа”,  “Алим тариалах, залгуургын аргаар суулгац үржүүлэх”,  “Чацаргана ба бусад жимс жимсгэний өвчин, хортон шавж, амьтан тэдгээрээс урьдчилан сэргийлэх ба тэмцэх арга”,  “Жимс жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод бутны үржүүлэг”, “Жимс жимсгэний таримлын органик баталгаажуулалт” зэрэг 5 төрлийн сургалт зохион байгуулж  400 гаруй жимс жимсгэнэ тариалагчид, үйлдвэрлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэв.

АХБ-ны төслийн санхүүжилтээр Увс, Төв аймагт чацарганы тариаланд ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх, талбайд хавар, зуны улиралд хийх агротехникийн арга ажиллагааны сургалт зохион байгуулж  нийт 138 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулав.

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд “Жимс жимсгэний тариалалт ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт” зөвлөгөөн, сургалт зохион байгуулан төсөлд хамрагдсан 6 аймаг нийслэлийн 100 гаруй жимс жимсгэнэ тариалагч, боловсруулагчид хамруулан мэдлэг чадварыг сайжруулав.

2019 онд 519 аж ахуйн нэгж, 5289 иргэн 6528.2 га талбайд жимс жимсгэнэ тариалж 2604.1 тонн жимсний ургац хураан авсан байна. Энэ нь 2016 оноос тариалсан талбай 456 га талбайгаар, хураан авсан ургац 45 тонноор нэмэгдсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгаас 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж 410 ажлын байр шинээр бий болгож, 38.5 га байгалийн жимс жимсгэний талбайг нөхөн сэргээж, 7 төрлийн жимсний 515.3 мянган ширхэг суулгацыг дотооддоо үйлдвэрлэсэн байна.

 Нийт жимс жимсгэнэ тариалсан талбайн 6.02 мянган га буюу 92.3 хувь нь чацаргана, 0.3 мянган га буюу 4.6 хувь нь үхрийн нүд, 0.21 мянган га буюу 3.2 хувь нь алим, чавга, бөөрөлзгөнө зэрэг бусад жимс жимсгэнэ эзэлж байна. 

Бусад яст, үрт зэрэг том жимс, жимсгэний эзлэх хувь туйлын бага байгаа нь манай улсын эрс тэс, хүйтэн, хуурай байгаль цаг уурын онцлог, жимс жимсгэний суулгацын дотоодын хангамж хүрэлцээгүй, туршлага, ур чадвар дутмаг, санхүүгийн нөөц боломж хомс байгаатай холбоотой байна. 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам