Газар тариангийн салбарын танилцуулга

2020 оны хүн амын хэрэгцээт хүнсний үйлдвэрлэл:

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 513.0 мянган тонн үр тариа, үүнээс 487.0 мянган тонн улаанбуудай, 237.0 мянган тонн төмс, 113.0 мянган тонн хүнсний ногоо, 33.0 мянган тонн  тосны ургамал, 109.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх боломжтой гэсэн төлөв гарсан.

Улаанбуудайн болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан урьдчилсан балансаар гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх боломжтой 398.0 мянган тонн улаанбуудайн хэмжээг 20 орчим хувиар  бууруулж тооцоход гурил үйлдвэрлэлд 318.4 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэх боломжтой гэж үзэж байна.   

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, түүнчлэн 180.0 мянган тонн төмс, 251.0 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай бөгөөд балансаас харахад улаанбуудай, төмсний  хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувийг, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна.

2020 онд хэрэгжүүлсэн ажлууд:

  • Онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтад бодитой дэмжлэг үзүүлэх, цаашид тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 138 дугаар тогтоолыг батлан гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
  • Засгийн газрын  138 дугаар тогтоолын дагуу 10.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн 277 ширхэг техник, тоног төхөөрөмжийг 263 иргэн, аж ахуйн нэгжид,  2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 177 тонн ургамал хамгааллын бодис, 842 тонн нийлмэл бордоо, 72 тонн гумины бордооны үнийг тус тус  50 хувиар хөнгөлж нийтдээ 335 иргэн, аж ахуйн нэгжид 20-50 хүртэл хувийн урьдчилгаатайгаар тариалалтын өмнө олгох ажлыг зохион байгуулав.
  • Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар 270 иргэн, аж ахуйн нэгжид зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.
  • Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 12.5 мянган тонн улаанбуудайн элит үр импортлох зөвшөөрлийг 18 аж ахуйн нэгж, байгууллагад олгож хэрэгжилтийг зохион байгуулсан хэдий боловч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд 1.1 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 5.0 мянган тонн, нийтдээ 6.1 мянган тонн улаанбуудайн  үр импортоор нийлүүлэгдсэн болно.
  • Тиймээс хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт дотоодын ургацаас бүрдүүлж  нөөцөлсөн 7.5 мянган тонн, импортын 5.0 мянган тонн, нийтдээ 12.5 мянган тонн улаанбуудайн үрийг хүсэлт гаргасан 390 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлснээр улаанбуудайг төлөвлөсөн хэмжээндээ тариалах боломжийг бүрдүүлэв.
  • Хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Улсын төсвийн 160.0 сая төгрөгийн хөрөнгөөр 5.0 тонн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын буцалтгүй тусламжийн 100 сая төгрөгийн дэмжлэгээр 3.4  тонн, нийтдээ 8.4 тонн ногооны үрийг 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан иргэд, ногоочдод үнэгүй олгож дэмжлэг үзүүлэв.
  • Орон нутгийн төсвөөс төмсний үр шинэчлэлд 62.0 сая төгрөг зарцуулж 70 гаруй тонн элит үр худалдан авч иргэдэд олгож дэмжлэг үзүүлсэн бол аж ахуйн нэгжүүд 150.0 мянган ширхэг вирусгүй бичил булцуу, 50 тн супер элит үр, 500 тн элит үрээр үрийн шинэчлэл хийлээ.   
  • Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалагдсан хөрсний тариалалтыг  нэмэгдүүлэх зорилгоор 32-120 м2-ийн 48 ширхэг хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.  
  • Жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулав.
  • БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд энэ онд 10.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий бага болон дунд оврын 70 ширхэг бороожуулагчийг усалгаатай тариалан эрхлэж буй 40 аж ахуйн нэгж, 11 иргэнд зээлээр олгож суурилуулах ажлыг зохион байгуулснаар  усалгаатай талбайн хэмжээг 4.1 мянган га-гаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв.
  • Таримал ургамлын ургалтын үеийн хог ургамалтай тэмцэхэд 1.2 тэрбум төгрөгийн гербицид, уринш боловсруулалтад 2.1 тэрбум төгрөгийн шатахуун, төрөл бүрийн бордоо нийлүүлэхэд 1.3 тэрбум төгрөг, нийтдээ 4.6 тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээг Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр дамжуулан зээлийн аргаар хэрэгжүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна.

2020 оны үйлдвэрлэлийн зохион байгуулалт:

  • Ургац хураалтад 1020 ширхэг комбайн ажиллаж байна. Үүнээс 300 комбайн дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр чадлын комбайн байна.  Төмс хураах комбайн 70, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг  үтрэмийн техник тоног төхөөрөмж ажиллаж байна.   
  • Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.
  • Үр тариа хадгалах 523.0 мянган тоннын багтаамжтай 23 элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн элеваторын багтаамж 182.0 мянган тонн, хувийн хэвшлийн агуулах, элеваторуудын багтаамж  341.0 мянган тонн  байна.

Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд:

  • Дараа оны ургацыг шийдвэрлэх гол хүчин зүйл болох уринш боловсруулалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх, шаардагдах ургамал хамгааллын бодис, шатахуунаар тасалдалгүй хангах, улмаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах ажлыг  үр дүнтэй зохион байгуулах,
  • Эрт ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах улмаар борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, агуулах зоорь бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх,
  • Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэд техник, технологийн  шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах,
  • Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, сэлгээний болон шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах, бордоо, ургамал хамгаалалын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тэг болон цомхотгосон эрдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах улмаар ойн зурвас байгуулах ажлыг үргэлжүүлэх зэрэг болно.
  • Үр тарианы аж ахуйн нэгжүүдийн үтрэмд үрийн болон аж ахуйн дотоодын хэрэгцээний үр тариа хадгалах агуулах, элеваторуудын  нийлбэр багтаамж 269.5 мянган тонн байгаа зэргийг оролцуулан тооцоолоход дотоодын ургацыг бүрэн хүлээн авч хадгалах боломжтой  байгаа боловч тариалангийн алслагдсан баруун, зүүн бүсэд үр тариа хадгалах агуулахын хангамж дутагдалтай байна.
  • Нийт элеваторын 90 хувь нь тариалангийн төв бүсэд байрлаж байгаагаас хамаарч тариалангийн  баруун зүүн бүсийн үр тариа тээврийн зай 350-1200 км хүртэл алслагдаж өөрийн өртөгт эзлэх тээврийн зардал өндөр байна. Иймд Увс аймгийн Баруунтуруун сум, Хэнтий аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тонн багтаамжтай элеваторыг байгуулах шаардлагатай байна.
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам