Агуулах, зоорь

Хадгалалтын горим

Төмс

Төмсийг хураасны дараа сэврээх нь зүйтэй. 1-2 үеэр тарааж, цөөн хоног дэлгэж хатаах ба өвчилж гэмтсэнийг түүн авч, эрүүл сайныг нь үлдээнэ. Дунд, дунд орой болцтой сорт хадгалалт сайн даана. Ийм төмсний хальс зузаарч бөхжсөн байх тул хураах явцад гэмтэх нь бага байдаг. Агуулахад оруулахаас өмнө төмсийг хэмжээ жингээр нь ангилж ялгана. Хадгалах төмс хайрагдаагүй, гадаргуудаа шороо наалдаагүй, механик гэмтэлгүй, бактерийн ялзрал болон фитофтор өвчнөөр өвчлөөгүй байх шаардлагатай. Учир нь гэмтэл ба өвчин хадгалалтын үеийн хорогдлыг нэмэгдүүлнэ. Боловсрох үедээ бага зэрэг хайрагдсан төмсийг удаан хадгалах шаардлагагүй. Төмсийг 2-3 хэм дулаан, 80-90%-ийн чийгтэй агуулахад хадгална. Ганц, хоёр сар идэх төмсийг шуудайтай нь өрөө тасалгаанд байлгаж болно. Төмсийг зоорь, ухсан нүхэнд шууд асгаж сүрлээр хучих буюу шуудайлж, хайрцаглаж хадгалж болно. Задгай асгаж хадгалах төмсний зузаан 1.2-1.4м-ээс илүүгүй байх ба төмсний дээд түвшин таазнаас 50-60см доор байх нь зохимжтой. Шуудайлж хадгалах бол давхарлан тавьж болохгүй. Дээрээсээ чийг авахаас сэргийлж төмсийг сүрлээр хучиж болно. Нэг байранд зөвхөн нэг л ногоо хадгална. Төмсийг жижиг хайрцаг сагсанд 2025кг-аар савлаж хадгалах нь нэн тохиромжтой. Ингэж хадгалахад хайрцаг хоорондын зай 6-8см байна. Доод талын хайрцгийг шалнаас хөндийрүүлж дор нь ивээс хийнэ. Төмсийг харанхуй газар хадгална. Түүнийг улаан манжинтай хамт хадгалж болно.

 Байцаа

Байцаа хадгалахад сортыг зөв сонгох, хураалтыг тохиромжтой хугацаанд хийх, хураах тээх явцад гэмтэл гаргахгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Эрт ургацын байцааг чийгтэй сэрүүн газар 15 хүртэл хоног хадгалж болно. Орой болцтой байцааг талбай дээр нь удаан байлгаж эхний хяруунд цохиулж боолт нь улам чангарсны дараа хураан авч хадгална. Хураалтыг хэт оройтуулан олон дахин хөлдөөж гэсгээвэл амин дэм, эрдэс бодисын агууламж буурч, удаан хугацааны хадгалалт даахгүй болно. Судалгаанаас үзэхэд 95%-ийн чийгтэй 0 хэм /-1….+2 хэм/-ийн нөхцөлд бөөрөнхий байцааг 5-6 сар хүртэл хадгалж болж байжээ.. Хөлдөж хайрагдсан бол хадгалалт огт даахгүй. Азот өндөр нормоор хэрэглэсэн талбайн байцаа хадгалалт муу даана. Оройн сортыг хүйтрэхээс өмнө, дарж давслах дунд болцтой сортыг эхний хүйтрэл болж өнгөрсний дараа хураана. Хамгаалалтын 2-3 навчтай өвчин, хортонд гэмтээгүй ишийг нь толгойн хэсэгт 2-3см үлдээж тайрсан эрүүл байцааг 0-3 хэм дулаан, 85-95% чийгтэй агуулахад хадгална. Намар нэг хэсэгтээ дулааны хэмжээ +1-….-1 байх нь дээр байдаг. Зооринд бэлтгэсэн тавиур дээр байцааг ишийг нь дээш харуулан 2-5 үеэр өрж хамгийн дээд талын байцааны ишийг доош харуулан тавьж хадгална. Мөн хайрцагт эсвэл шал, тавиур дээр асган хадгална. Ишийг нь холбон зүүж болдог.

 Шар манжин

Шар манжин зузаан хальстай, удаан хугацааны хадгалалт сайн даана. Үүнийг агуулах зооринд төдийгүй намартаа нэг хэсэгтээ буртад ч хадгалж болно. Чийг сайтай бол 0 хэмд хадгалалт маш сайн даана. Ердийн зоорь түүгээрч барахгүй цооногт 6, 7 сар гартал хадгалж болно. Манжинг хураасны дараа шороог нь бүрэн цэвэрлээд сүүдэр газар 2-3 хоног байлгаж сэврээгээд ердийн сэрүүвтэр байранд хадгалж байгаад хүйтрэхийн өмнө модон хайрцагт эсвэл сараалжин тавиур дээр 50см хүртэл үеэр өрж 0-2 хэмийн дулаан, 85-95 хувийн чийгтэй нөхцөлд хадгална.

Хүрэн манжин

Үүнийг хадгалах нөхцөл нь төмстэй адил. Иймээс  зарим хүн энэ хоёрыг нэг агуулахад хадгалдаг. Толгойн хэсгийг нь гадагш харуулан элсэлж болно. Мөн хайрцагт үртэс зоргодсонд хадгална. Хамгийн гол нь хальс сайтай сортыг агуулахад оруулна. Үүнийг 0-ээс дээш арай дулаан, чийг сайтай агуулахад хадгална. Агуулах, зоорины чийг 80-85%, дулаан 1-3 хэм байвал тохиромжтой.  Навчтай нь бол 2 долоо хоног, махлаг үндэсийг нь 5-6 сар хадгалж болно.

Шар лууван

Агуулах зооринд оруулахаас өмнө сэврээж навчийг нь авна. Хадгалах нөхцөл горим нь төмстэй төстэй. Шар лууванг 2 эгнээгээр өөр хооронд нь нийлүүлэхгүйгээр элсэлж хадгална. Лууван тусгаарлах элсний зузаан 2-3 см –ээс илүүгүй байна. Сайн хатаасан лууванг хайрцаг ба газар асгасан элсэн хөрсөнд нарийн, бүдүүн үзүүрийг нь ээлжлэн үелүүлэн өрж элсээр далд ортол хучиж хадгална. Тэрээр нимгэн хальстай учир хальс нь амархан гэмтэж хадгалалт даах чадвар нь буурна. Иймд шаврын өтгөвтөр зуурмагт шар луувангаа дүрж авсны дараа хатаагаад элслэхэд хадгалалт даалт нь сайжирна. Хэрэв луувангаа өрсөн үе  нэг бүрийг элсээр сайн хучвал өрлөгийг 1-1.2м өндөр болтол өрж болно. Хайрцагт элсэлсэн бол зооринд давхарлан өрж болно. Ихээхэн гүнээс авсан элсэнд өвчин үүсгэгч бага байдаг.

Хадгалалтын хамгийн тохиромжтой температур нь 0-1 хэм дулаан, 85-95 хувийн агаарын чийг юм. Зооринд байгаа элсэлсэн луувангаас авч хэрэглэвэл үлдсэн хэсгийг заавал элсэнд булж байх хэрэгтэй. Мөн үртсэнд хадгалахад боломжтой талаар  ярьдаг. Сүүлийн үед нийлэг уутанд савлаж нилээд хугацаагаар хадгалах болов. Энэ тохиолдолд түүний хооронд нь сонгины хальс хавчуулж болно. Зарим хүн сармисны уусмалд 15 минут дүрж хадгалдаг тухай ярьдаг. Судалгаанаас үзэхэд шар лууванг нам дулаанд хадгалах нь дээр байдаг байна.  0-1 хэмд 4-6 сар хадгалж болдог бол 2-5 хэмд 2-3 сараас хэтрэхгүй.

Өргөст хэмх

 Хадгалалт даахдаа муу, хураасны дараа хүйтэн усанд угааж сэврээгээд цаасан хайрцаг, гялгар уутанд хийж хөргөгчний доод давхарт 7-10 хоног байлгаж болно. 90-95%-ийн чийгтэй 8-10 хэмийн дулаан газар 1-2 долоо хоног хадгална. Богино жимстэй зуушны сортыг 10-15хэмд 34 хоногоос илүүгүй хугацаагар хадгалах боломжтой. Тэр дор нь хэрэглэх юмуу нөөшлөх бол 1-2хэмд хадгална. Мөн хэмхний 2 үзүүрийг нь цухуйлган нийлэг хальсаар ороож цөөн хоног хадгалж болно. Хадгалах хамгийн сайн арга нь нөөшлөөд шилэн сав ба модон торхонд савлах арга юм

 Улаан лооль

 Улаан лоолийг цөөн хоногоор хадгалж хэрэглэнэ. 70-80%-ийн чийгтэй 13-15 хэмийн дулаанд 14 хоног хүртэл байлгаж болно. Нам температурт /4хэм/ хадгалах хугацаа 20-25 хоног болж уртсах авч өнгө нь муудна. Сайн болсон жимсийг 4-6 хэмд хадгална. Дутуу болсон бол 10-12хэм дулаан тохиромжтой. Агуулах, зоорь, өрөө, тасалгааны чийгийг 80-85%-иас илүүгүй байлгана. Хадгалах хугацаанд гэрэл нилээд хэмжээгээр нөлөөлнө. Гэрэлтэй нөхцөлд болц түргэснэ. Хүйтэнд хайруулж гэмтээлгүй хамгийн сүүлд хураасан жимсний болцыг гүйцээнэ. Болсон жимс этилен ялгаруулж дутуу болсон жимснийхээ болцыг сайжруулна.

Иймээс түүхий жимсний болцыг гүйцээх бол дотор нь бүрэн болсон жимс оруулж өгнө. Энэ ажлыг 20-25 хэмийн дулаанд хийнэ. Болц нь гүйцээгүй жимсийг 2-3 үеэр жижиг хайрцагт савлаж болц нь гүйцсэн хэд хэдэн улаан жимс цуг хийнэ. Бүрэн болсон жимсийг 5-15 хэмд 1-1.5 сар хадгалж болно. Харин харьцангуй чийгийг 80%-иас доошгүй байлгана. Ногоовтор жимсний болцыг гүйцээхэд зарим газар бэлэн этилен хэрэглэж байна.

Бөөрөнхий сонгино

 Агуулах зооринд бүрэн болсон сонгино оруулна. Болц дутуу бол талбайд 12-15 хоног хатаана. Дараа нь булцууны хүзүүний хэсгийг 3-4см үлдээж навчийн нь авна. Үүний дараа 30-35хэмийн дулаанд 5-6 хоног нэмж хатаана. Бөөрөнхий сонгиныг сагс торонд 10-12кг-аар савлаж өрөө тасалгаанд хадгалж болно. Агуулахад бол 0.…-3 хэмд 75-80%ийн чийгтэй нөхцөлд хадгална. Булцуу нь томроогүй ногоон иштэй сонгиныг тайралгүй багцалж боогоод урьдчилан бэлтгэсэн өлгүүрт эсвэл хэцэн дээр тохож хадгална. Хасах хэмтэй нөхцөлд их төлөв хурц үнэр амттай сорт оруулна. Амтлаг сортыг нэмэх хэмд хадгална. Төл сонгиныг гол төлөв тавиур дээр 18-20 хэмийн дулаанд хадгална. Үүнийг өвөлдөө 0-3 хэм болгож болно. Сонгино сармисыг хамтад нь хадгалах боломжтой. Хадгалах явцдаа хүзүү бүдүүн, муу хатсан сонгиныг эхний ээлжинд хүнсэнд хэрэглэнэ. Нохойн хошууны мөчир ногоог мэрэгчдээс сайн хамгаална.

2018-12-20T05:29:12+00:00