Газар тариалангийн түүхэн замнал

Монголчууд газар тариаланг эрт дээр үеэс эрхэлж байсан ул мөр байдаг ч 1959 оныг хүртэл тариа ногоо нь Монгол айл өрхийн өдөр тутмын хүнсний хэрэглээ болж заншаагүй байлаа. Монголд анх тариаланг Хэрлэн гол, Буйр нуур, Орхон голын хөндийд Хархорин орчим эрхэлж байсан нь цаашдаа Туул, Сэлэнгэ голын сав дагуу тархан дэлгэрчээ.
Төрөлх нутгийнхаа хөрс шорооны амтыг мэдрэх их аяны эхлэлд Өвөрхангайчууд бид нэгэн зэрэг шамдан оролцож, арвин ургацаар ард түмэндээ бэлэг барьж хойч үедээ бахархан ярих ажил үйлсийнхээ түүхийг бүтээлцсэн билээ.

БНМАУлсын СнЗ-ийн 1956 оны 4 дүгээр сарын 13 ны 256 дугаар тогтоолоор Хархорины САА байгуулагдаж атрын анхны шангаа татаж 2000 га талбайд үр тариа тариалж байсан түүхтэй. Энэ хамт олон дундаас БНМАУлсын хөдөлмөрийн баатар Ц. Шатар, Р. Авирмэд, Ж. Гомбосүрэн, Ц. Адьяа, гавьяат агрономч Ц. Аюур, Гавьяат механикжуулагч С. Цэрэннадмид , гавьяат механикжуулагч Б. Хануй, улс аймгийн удаа дараагийн ургацын аваргууд Г. Батнасан, Ц. Мөнхдаш, С. Цэрэндорж, Ц. Батсүх, С. Сүхбаатар, Ц. Даариймаа, Ц. Бадам-Очир нарын олон арван тэргүүний хүмүүс төрөн гарч, ажил үйлс хөдөлмөр, бүтээл ажлын арвин туршлага нь залгамж хойч залуу тариаланчдадаа бахархал болж байна.
1961 онд агрономч С. Гомбо, агротехникч Д. Чулуунбат, агротехникч Д. Бадам рэгзэн зэрэг газар тариалангийн мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж, Тарагт сумын “Арвайн тал”-д 300 га атар газрыг Богд сумын харьяат Дагдангийн Ренчинсэнгэ, Чойсүрэнгийн Бодьгэрэл нарын хүмүүс хагалж, тариа тарьж аймгийн сумдад газар тариалангийн эхлэл тавигдаж байсан түүхтэй.

1976 оноос атар газар эзэмших II аяныг зохион байгуулж, энэ арга хэмжээний дүнд Хархорин суманд Инженерийн хийцтэй услалтын систем байгуулж, 4000 га-д усалгаатай тариалан эрхэлж эхэлсэн.
Өвөрхангай аймгийн газар тариалан ийнхүү өргөн далайцтай хөгжиж , атар газар эзэмших 50 жилийн хугацаанд тариалангийн үйлдвэрлэлийн материаллаг бааз, техникийн хангалтын хувьд ихээхэн өөрчлөлт гарч, Хархорин САА, Гурил тэжээлийн үйлдвэр, Бүрд , Зүйл, Өлзийт, Баян-Өндөр, Хужирт, Төгрөг, Тарагт, сумдын газар тариалангийн томоохон бригадууд, бараг бүх сумдын хадлангийн механикжсан салаа, ногооны бригад, холимог багсармал тэжээлийн цехүүд, Хархорин, Хужирт, Зүйл, Тарагт, Төгрөг сумдын 120-4000 га- ийн услалтын системүүд мехникжсан үтрэм, агуулахууд, цахилгаан елеватор зэрэг үндсэн баазуудыг бий болгон олон арван газар тариалангийн техникээр хангагдсан юм. Мөн технологийн шинэчлэлийн томоохон өөрчлөлтүүд амжилттай хэрэгжиж өндөр уулсын бүсийн чанар сайтай Албидум -43 сортын улаан буудайг сонгон тариалах, Ипатовын районы техник засварын урсгал зангилгааны аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улсын хэмжээнд дээгүүр орох услалтын систем байгуулах, хөрсний элэгдлээс хамгаалах зурваслах, хавж боловсруулах систем бий болгох, ойн зурвас байгуулах, химийн бордоо хэрэглэх, тариалангийн хог ургамал, хортон шавьжтай тэмцэх орчин үеийн аргуудыг хэрэглэж өндөр ургац авч манай Хархорины САА улсад удаа дараа шалгарч байв.

Манай аймаг 1990 –ээд онд 45.0 мянган га эргэлтийн талбайтай түүний 20.0 мянган га-д нь үр тариа, 0.4 мянган га- д нь төмс, хүнсний ногоо, 9.0 мянган га-д нь малын тэжээл тариалж, 16.0 мянган га-д уринш боловсруулж, 20-25.0 мянган тонн үр тариа, 3-3.5 мянган тонн төмс , хүнсний ногоо, 16.0 мянган тонн малын тэжээл хураан авч, жилд 15.0 мянган тонн гурил үйлдвэрлэн дотоодын хэрэгцээт гурилаа өөрийн үйлдвэрлэлээр 100 хувь хангаж, төвийн бүсийн аймгуудад нийлүүлдэг байсан байна.

Сүүлийн 10 аад жилд газар тариалан сэргэх хандлагад орж, өрхийн тариаланчдын тоо нэмэгдэн, технологийн дагуу үйл ажиллагаа эрхэлж хөдөлмөр зүтгэлээ газар шороондоо шингээж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, ард иргэдээ цэвэр орон нутгийн бүтээгдэхүүнээр хангаж байна
Хэдийгээр тариалсан талбай 1990 ээд оныхоос бага боловч 2012 онд үр тариа 2981,5 тн, төмс 3658 тн, хүнсний ногоо 2002 тн, жимс жимсгэнэ 4 тн-ыг тус тус хураан авсан нь манай тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Хархорин сумын хувьд аймгийн үр тарианы үйлдвэрлэлийн 100 хувь, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 29.3 хувийг эзэлдэг.
Аймгийн хэмжээнд газар тариалангийн зориулалт бүхий гинжит ба дугуйт трактор 84, хөрс боловсруулах машин 77, үр тарианы үрлэгч 18, төмсний үрлэгч 5, үр тарианы комбайн 15 байгаагийн 90 гаруй хувь нь манай гол тариалангийн бүс болох Хархорин суманд байгаа ба үр тарианы үрийн агуулах, механикжсан үтрэм, үрийн элеватор ч мөн суманд байгаа нь манай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амаа гурилын хэрэгцээг хангах гол газар энд байна.

Мөнхбат захиралтай Алтан тэрэм ХХК, Гансүх захиралтай Мөнгөт хайрхан –Уул, Р. Түвшинжаргал захиралтай Далайн-Од трейд , П. Учрал захиралтай Хархорин ХХК, Ч. Батбаяр даргатай Хархорин сүүн шим ХХК, Т. Тулгабат захиралтай Эрдэнэсийн хотхон ХХК, Б. Ганбаатар захиралтай Буудайн шим ХХК- иуд нь үр тариа тариалж, Мөнгөт хайрхан-Уул ХХК болон И. Өсөх-Оюут захиралтай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбар орон нутагтаа гурил, малын хүчит тэжээл үйлдвэрлэж байгаа нь чамлашгүй амжилтууд юм.
Үүнээс гадна манай аймагт газар тариалангийн үйл ажиллагаа нь тогтмолжиж, арвин ургац хураан авч, ард иргэдээ хангадаг, улс аймгийн үзэсгэлэн худалдаанд байнга амжилттай оролцдог Нарийнтээл сумын Түмэн-Арц, Мөнхногоон мандал, Төгрөг сумын Мазар баян хангай, Мазар дэвшил, Өлзийт сумын Бадам жунай, Богд сумын Зүүнбогдын өгөөж хоршоонууд болон газар тариалан, фермерийн аж ахуй хосолсон Алтан тэрэм ХХК, Зулзаган ой хоршоонууд сайн ажиллаж байна.

Хархорин ХК маань хувьд шилжиж, 2007-2009 онд нийт 500 га талбайд чацаргана,үхрийн нүд байнгын усалгаатай тариалж, тус компани нь орон нутгаас 250 гаруй хүнийг ажлын байраар хангаж нийгмийн даатгалыг хариуцаж, жилд 650,0 мянгаас 1,2 сая ширхэг суулгац үйлдвэрлэж иргэд аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж, арга зүйгээр хангаж байна.
2002 оноос хойш тус салбарт “Улсын тэргүүний тариаланчаар 11, аймгийн тэргүүний тариаланчаар 23 хүн шалгарсан юм.

Жил бүр аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаагаас гадна аймгийнхаа газар тариалангийн салбарын 2012-2016 он хүртэл сэргээн хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, аймгийнхаа ИТХ-аар батлуулж, мөрдөн ажиллаж байна. Энэхүү баримт бичгийн хэрэгжилт нь газар тариалангийн талаар төр, засгаас баримталж буй бодлого , шийдвэр хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлснээр хангагдахад чиглэгдэнэ.

2018-12-20T05:28:44+00:00