ТУУВРЫН ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙ ГАРГАЖ, МАЛЫН ТООГ НАРИЙВЧЛАН ТОГТООХ ШААРДЛАГАТАЙ

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг, аймаг сумдын удирдлага оролцсон өргөтгөсөн хуралдаанд Булган, Өвөрхангай, Төв, Архангай аймгийн удирдлагууд, отор хүлээж авч байгаа болон оторт малчдаа илгээж байгаа 30 сумын Засаг дарга нар оролцож орон нутгийнхаа зуншлага, өвөлжилтийн бэлтгэл ажил, өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж тулгамдсан асуудлуудаа танилцуулсан.

Аймгуудын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, зарим газраа бүр хэд дахин хэтэрсэн, үлийн цагаан оготнын уршгаар бэлчээр сүйдэж ургамлын гарцад нөлөөлж байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа юм. Тиймээс өвөвлжилт хүндэрсэн нөхцөлд тусгай хамгаалалттай газарт мал өвөлжүүлэх асуудлыг шийдэх шаардлага байгааг хэлж байв.

Өнгөрсөн зуны хувьд мал, махны үнэ харьцангуй өндөр байсан нь малчдын орлогод нөлөөлсөн ч борлуулалтаа голдуу ченжээр дамжуулж хийж буй гэнэ. Хэдийгээр орон нутагт махны үйлдвэр байгуулж, малчдаас малыг нь өндөр үнээр авч байсан ч наймдугаар сараас хойш ХХААХҮЯ-наас махны экспортыг зогсоосноор нэмж мах авах боломжгүй болсон нь тэднийг ченжийн гар харахад хүргэж байна гэнэ. Тиймээс дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргах ажлыг нэлээд эрчимжүүлэх шаардлага байгааг аймаг, сумдын удирдлага ярьсан.

Үлийн цагааны устгалд жил бүр бага биш мөнгө төсвөөс хуваарилдаг ч тендер зэргээс болоод хавар ногоо гарчихсан үед хэчнээн устгал хийгээд ямар ч нэмэргүй байгааг учирлаж байв.

Түүнчлэн отрын малын хөлөөр байгаа жаахан бэлчээр нь сүйдэж, хавар хамар хатгах өвсгүй хэцүүхэн нөхцөлтэй тулгарах эрсдэлтэй байгаа учраас отрын мал туух замын чиглэлийг тодорхой гаргаж, малын тоо толгойг нарийвчлан тогтоох, отроор явж буй малчдыг хариуцлагажуулах, хамгийн наад зах нь малын эрүүл мэнд, вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ тодорхойлох бичиг баримттай байлгах шаардлага байгааг хэлж байлаа.

Энэ мэтээр нөхцөл байдал амаргүйг хаа хаанаа ойлгож, цаашид энэ асуудлыг яаж зохицуулах талаар нэлээд сайн ярилцаж оторт малчдаа илгээж буй аймаг сум, тэднийг хүлээж авч буй аймаг сумд аль аль нь харилцан уялдаатай ажиллаж өвөл, хаврыг гарз хохирол багатай даван туулахад малчдыг дэмжин тусалж ажиллах ёстой гэдэгт санал нэгдсэн нь өргөтгөсөн хуралдааны том үр дүн юм.

2019-11-18T06:49:48+00:00